|
|
Өгүүллэг: Дамбадаржаагийн Намсрай : Шар усны үер
Оруулсан admin on 2007-01-03 05:16:00 (11968 уншсан)
Дал гарсан ёнхор хөх өвгөн хашин цагаан морио хөлөөрөөн давьчиж хуучин ширэн гөлмөө сар сар хийлгэн бөг бөг шогшуулна. Барьсан ташуураараа ч балбадаггүйд нь дассан хашин цагаан нь хэг ёг хийн хэсэг шогшсоноо туурайгаа дааж ядсан юм шиг алгуурласаар амгай зуузайгаа харжигнуулан толгойгоо дальдчиж алгуурхан алхалж эхэлнэ. Өвгөн алхаа шогшоо хоёроо ч анзаарсангүй мөнөөх л зангаараа элдвийн бодолд дарагдан нүдээ аньсан нээсэн хоёрын хооронд унтаа сэрүүний аль нь ч мэдэгдэхгүй жолоо цулбуураа атган, ташуур барьсан гараа унжуулан дохилзоно. Зам нь зүгээ чиглэж, морь нь замаа дагадаг болохоор Гонжоо өвгөнд анзаарах шаардлага ч байсангүй. - "Мялзан шүлхий л гэнэ... Тахал татран, эргүү, цовхрого... бас хүнд болохоор ДОХ? ...Ээ золиг доо сүулийн хэдэн жил ёстой нөгөө нүгэл нь нүдээрээ гарах болж байгаа ч юм уу .. Мал адгуус, амьтан араатан, хүмүүн төрөлхтөн хүртэл чөтгөр шулмын дайрлагат өртөж байна уу даа.. Yгүй тэр чөтгөр шулам нь ч хаанахын аль юм билээ? ... Өөрснөөс нь л төрдөг юм шив дээ золиг! ... Салхи шуурга, үер ус, гал түймэр, ган гачиг, зуд турхан, гай гамшиг гээд байгаль дэлхийн юмыг ч одоо яана гэхэв, би мэдэх биш... Харин энэ хулгай дээрэм, аллага хядлага, өш хонзон гээд энэ хоёр хелтэй хохимой толгойтой лүднүүдэд л чөтгөр нуугдаж байх юм шив дээ. Yгүй одоо энэ засаг дарга гээд тэр нэг амьтан гэнэтхэн бурхан болчихлоо. Харавчихсан гэнэ үү. зүрх нь зогсчихсон гэл үү хэн мэдэх вэ золиг! Гэнэт л яваад өгч. За тэгтэл сандал суудлын нь төлөөх сонгууль гээд сумынхан маань бас зай завгүй бужигнацгааж байх шив. Удам судры нь хэлсэн ч, еөрийн нь алхсан газар, гишгэсэн мөрийг харсан ч өчигдөрхөн хөгөө тарьж хөгнөө чирсэн хурга ишигнүүд хүртэл хуухнагаа даахгүй атлаа хуц ухна болох гзж орилолдож байгаагий нээ!! Томруулж тодруулах гэж байгаа зарим нь ч гэсэн яг нөгөө үхсэн малын сэвсэн дээр мөөрөлдсөн үхрүүд шив дээ. . Гонжоо өвгөн ийнхүү зүүдэлж байгаа юм шиг бодолдоо автан шүдгүй амаа мурилзуулан гүвтнэв. Сумын засаг даргыг нөхөн сонгох гэж айл амьтан бүхэн шуугилдан маргалдсан юмсанж. Зарим нь ч бүүр сүүлдээ инээд тоглоом болгон хөхрөлдөхөд Гонжоо өвген тэсэж тэвчиж чадалгүй хошуу дүрэх боллоо.их л дуу шуугүй байснаа хэдэн хүний тухай ухуулга ятгалга, худал үнэн магтаал сайшаал гүтгэлэг хатгалага залхаахад нэг өдрийн цуглаан дээр ингэж бувтнан нэлээд үглэсэн юм гэнэ лээ. - Нүдгүй шүдгүй боллоо ч гэсэн тийм амьтан хорвоог туулсан шүү хө! Одоохондоо хэл хөл хоёр минь байна! Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр гэр барьж чадахгүй байж төр барина гэнэ ээ, та нар! Хөгшин би юм юмны захыг үзсээн! Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг. Юм юм битгий дуурайцгаа! Хэрээ хэрээнийхээ зүг л нисдэг юм. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө ч гэж үг бий. Гончиг өвгөнийг нутгийнхан нь хүндэлсэн юм уу шоглосон юм уу бүү мэд Гонжоо л гэцгээдэг. Нэгдэл нийгэм гэж байхад олон жил мал туусан тууварчин. Цэргээс халагдсаныхаа дараахан багийн санитар нэртэй ч "Багийн доктор" гэгдэн алдаршсан ажлыг хэдэн жил хийжээ. Дуудсан, дуулсан хэнийг ч зорьж, өтөлсөн өвдсөн бүхэнд очиж, үзэж чагнаж, эм тан өгч, тариа тарилгыг өөрөө л гардан хийж, бариач засалчийн бага сага юмаа ч хүнээс нуулгүй аргалж чаргалж нэртэй хүндтэй л явсан гэдэг. Одоо болоход ихэс дээдэс нь ч үгүй болж үеийнхэн нь ч өдрийн ажил алба алийг нь ч эрхэлж үзээгүй харчууд хүүхнүүд голж чамлаж басаж шоолж байгаа юм шиг Гонжоод санагдсан тул аргагүй л хуучин бууны хугархай улайсч ирсэн юмсанж. За энэ ч яахав. Өнөө өглөө Гонжоо өвгөн, эмгэнтэйгээ толхилцоод мордсон нь энэ. Гэгээ тусахын эхээр л өндийдөг Гонжоо өвгөн эмгэнээ дагаж төл малаа угжилцан, түлээ аргалд түрүүлэн хөдөлж, зуух тогоонд нь хүртэл туслалцсаар байдаг хэрнээ өнөө өглөө л тэгсэнгүй. Хоймортоо хөндлөн хөшин сууж гаанс тамхиа уугиулан нэг омогтойхон байжээ. Эмгэн ч учрыг нь олж ядан цайгаа аягалан барьжээ. Яасан бэ гээч... Эмгэн: - Хөгшөөн цайгаа уу Гонжоо: - Наанаа тавьчих Эмгэн; - За бас юу болоов? Би ч гэсэн осгож бээрчих шахаад л орж ирж байна. Хахирган хавар бүүр өвлөөс ч долоон дор байна. Гонжоо: - Танай төрөл садангийн тэр хархуу засаг даргад нэрээ дэвшүүлж гайхуулах гээд мөн том том ярьдаг болов оо! Бас их галзуурав аа! Эмгэн: - За за яачихаав тэгээд. Чи өөрөө л тэр өрсөлдөгчий нь магтаад... өөрийн нь буруу зөрүүг есөн шидээр нь гоочлоод байх чинь билээ. Гонжоо: - Би үнэний нь л хэлээ биз дээ Эмгэн: - За хэн мэдэхэв. Хөгширч үхэх гэж байж чи бид хоёр тэр засаг төрийн ажил төрөлд ямар хамаа байна. Гонжоо: - Би чи бишээ! Өрхийн тэргүүлэгч байна. Мөр мөртөө мөндөл дошиндоо яваа хүүхдийн чинь эцэг байна. Түм нэгээс эхэлж, төр өрхөөс эмхэрдэг юм. Эмгэн: - Аягүй бол өөрийгөө сонгох нь шив дээ. Ээ гэгээ! Нас сүүдэр ч яриад л... хөгширч үхэх гэж байж ... Гонжоо - Голоо тасартал улсаа бодох нь эр хүний явдал аа! Арга заль, ааш араншин, өрсөлдсөн хүнээ гүтгэж гүжирдэж байгаагий нээ! Худлаа яриад л ... Амаа архиар халамцуулчихаад үлгэр ярьж байгаа юм шиг. Тэр банди дөрвөн жил болоход манай сумыг диваажин шиг болгочих юм гэнэ... Над руу бас сүүлд нь яаж агсагналаа?! Эмгэн: - За за яршиг. Тийм амьтантай толхилцож яах гээв! Тэрэнд даргын суудал ч тэртэй тэргүй таарах биш. Гонжоо: - Бас яагаав нөгөө ... хэн! Эмгэн: - Цаад хэдэн үхэртээ гарч үз хөгшин минь! Худаг руу аваачихгүй бол шар ус ууж үхэцгээх амьтад. Гонжоо: - Би төв орно оо! Сонгогчидтой уулзалт болох юм гэсэн. Энэ муу араажав маань ч дуугарахаа байчихлаа. Зай авчраад өгөх хүн ч алга. Төр улсын биш гэхэд тэнгэр хангайн байдал сонсмоор байна шүү дээ... Ийнхүү сумын төв рүү үд дундын үед мордсон өвгөн Гонжоо малын бэлчээр хэрийн газар гэлдэрч шогшсоор олон давааны ам нийлсэн их жалгын гарамд тулж ирлээ. Олон жил нутаглахад үзэх нь байтугай сэтгэлд нь үл багтах шар усны их үер хашин цагаан, өвгөн Гонжоо хоёрыг байтугай тэрэг техник ч мөлхөх орох аргагүй аймшигт нүргэлээнд тулж ирлээ. Гонжоо: - Еэ харла базарваань! Юун төв орохтой манатай. Еэ хайрхаан! Энэ уул бэлийн цас, энгэр цармын ус, гуу жалга, хөтөл толгодын хайлмаг, Елын аманд хунгарласан их хайлга урсгалаараа нөмөрч байх шив. Ядарсан бидэнд бас галав юүлсэн юм шиг усаар хөмөрч байх чинь... Гонжоо өвгөн хэсэг уруудсанаа мориноосоо бууж, олон жилд ухагдаж гүнзгийрэн том болтол хүнхийсэн хад асгат их гангын эрэг дээр тамхиа асааж бодлогошрон суулаа. Улаан хоормогт эвхэгдэн өндөр газраас буусан үер салаа бүхэн замдаа өртсөн мод бут, хожуул дархи олон арван жил тэсэн ганхсан өвгөн улиас хайлаасуудыг хэмх хамх сөхрүүлэн, их мөрний зүг буцалсан юм шиг бужигнуулан оволзуулж байв. Ус, цас, мөс урсгал нь хуртэл улаан хоормог болж дүүрэн хувилгаад хальж бялхсан галт уулын хайлмаг гэмээр... Энэ их хаялга үерээр зуданд үхсэн малын яс сэг, айл өрхүүдийн жалга сувагт хаягдсан есөн шидийн хог новш өрсөлдөж уралдсан юм шиг өөр хоорондоо нүдэлцсээр дээр дор оролцож уралдан тэмцэн уруудацгаана. Гонжоо: - Энэ жилийн зудын үлдэгдэл ингэж өндерлөдөг байжээ, хөөрхий. Дахиад зуд хэзээ ч ирэхгүй гэх биш дээ Цаг цагийн урсгал онд ондоо л байдаг. Дэвэргэн насандаа мугуйдаар шатна гэдэг зууртаан хөглөрсөн хөөрхий энэ мод нэгэн цагт эргээд харахад бодол ухаан нь төлөвшсөн хойноо эргээд харахад хорвоо хоосон ч юм шиг санагддаг аа... Ус хаашаа ч урслаа гэсэн их мөрний давалгаанд ороод л алга болдог... - Ээ хөөрхий, хөөрхий! Хараач тэр! Өөд болсон хүний гавал яс хүртэл амарч чадахгүй зовж хөвж явна. Өөдтэй хүний гавал өгсөж байдаг гэсэн яриа бий! Урсаж байгаа юм бүхэн уруудах буруудахын л шинжүү дээ ... Мөрөөдөж хүсээд урсгалд орлоо ч гэсэн өгсөх зогсох тэнхээгүй л бол мөрөн гол гадаад далай хүртэл хөвдөг хөөсөнцөр хаа ч байдаггүй юмаа. Тээж хамсан их усны хаялга тээр шаасан бүхнээ их жалгынхаа эрэг ирмэг өөд цацан шидээд цэвэршиж оддог хойно ингэж сэрвэлзэж сарвалзаж хөвмөлүүд ч хаа явсан газартаа хаягдаж түлхэгдэж л зовдог доо. За за би ч гэсэн алив? Нөгөөх мандаж явсан тэргүүний тууварчин алга болсон. Багийн олонд тус хүргэж явсан санитар гуайг ч мэдэх хүн байхгүй ээ. Төр, түмэндээ гэж мөлхсөөр яваад л үе тэнгийнхний насан хэвийлээ. За, за... зөнөг толгой хүртэл гашилж гүйцлээ. Овоохойдоо очъё. Чавганцаа бараадъя. Буцахаас өөр яая гэхэв. Зуд турхнаас болж зуу хүрэхгүй үлдсэн хэдэн толгой малаа бараадаж байгаад л нүд анихаас биш. Ерөөсөө тэр хэрүүл оруул болсон сонгуульд ч би очиж чадахгүй нээ. Хамаг бие янгинаж хуян шар ус шужигнаад судас шөрмөсөөр минь хүртэл шар усны үер шаагиж байх шив дээ хөөрхий. Чавганц бид хоёрт саналын хайрцаг ирвэл ирнэ л биз, боливол болино л биз... За болих ч гэж байхгүй л дээ. Ирэхээ л ирнэ. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй юм чинь бие биенээ харж л байгаа. Харин муу эмгэнээ би зад ятгаж байгаад нөгөө нэг малын эмч хархүүг сонгоход бид хоёр саналаа өгнө өө. Хоёр санал баттай нэмэгдэнэ. Миний санасан бүхэн тэр хархүүд ерөөл болог! Ээ-гэгээ-ёо-ёо-ёо! Ийнхүү өвдгөө тулан өндөлзөж ууц нуруу, дал мөрөө базлан босоод Гонжоо гэрийнхээ зүг морджээ... ...Шар усны үер шаагисаар л ...
ДАМБАДАРЖААГИЙН НАМСРАЙ Д.Намсрай 1949 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төржээ. 1987 онд Москва хотод А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгссөн. Тэр театр соёлын байгууллагууд, МЗЭ, Монгол телевиз, Монголын Радиод ажиллаж байлаа. 1971 оноос уран бүтээлээ эхэлжээ. Намсрай "Болор толь". "Зоригоо томоожиж байна", "Буцаж ирэхгүй", "Цолмон Эрдэнэ" жүжиг, "Уул усны үр сад", ''Буяны нүгэл". "Жин дунгуй", "Хайрын домог" зэрэг кино зохиол бичжээ. Тэр “Гандирсын хотын Хандармаа минь" 1981, "Зуны тэргүүн сар" 1983, "Тооройн төгөл" 1986, "Жамухын өчил" 1986, "Талд ургасан бодол" 1987. "Цэнхэр Сэлэнгэ" роман 1997 зэрэг ном бүтээжээ. Тэр МЗЭ-ийн шагнал хүртсэн байна.
(
Сэтгэгдэл бичих? |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Намсрай Д )
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|