BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Өгүүллэг 		 Роман, тууж: Найдангийн Ганхуяг: АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ
Оруулсан admin Огноо: 2011-01-10 17:15:46 (11543 уншсан)

АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ
КИНО ТУУЖ

Агарын гол дан рашаанаар урсана. Өнтэй өвөл ч харзлан урсах нь бий. Газар дэлхийн амьд судас болсон энэ гол хүний жаргал зовлон, хувь заяан дундуур эрин зууны тэртээгээс бургилан урссаар өдийг хүрчээ.
Энэ жил Агарын голд хур бороо элбэгтэй, өгөөмөр дэлгэр сайхан зун ирэв. Фермийн айлууд зусландаа буугаад хүн мал хоёр ёстой л налайж байлаа. Доной голын хойд талын цэлгэр ногоон дэнж дээр амбаараа босгон сүүний машинаа зоожээ.

** ** **
Зуны тунгалаг өглөө эхлэв. Хэдэн үнээд амар тайвуун сахлаг ногоо шир шир зулгааж, ойролцоо монголын бух урамдан зогсоно. Тэгтэл гол уруудан сарлагийн бух ойртож явна. Тэр эргийн бургисан шороон дээр хэд хөрвөөгөөд босов. Сарлагийн бух савга үсээ дааж ядан газраар үргэлжилсэн нэвсгэр хар юм урагшилна. Монголын бух мөчөөгөө өгөхгүй гэсэн янзтай биеэ хураан зогсоод урд хөлөөрөө ээлжлэн газар цавчилж, эвэр толгойгоо шөргөөнө. Монголын бух том эвэртэй бөгөөд нүд нь сүртэй эргэлдэнэ. Хоёр бух уулзав. Хүч үзэлгүйгээр нэгнийгээ буулгаж авъя гэсэн үү, эсвэл бие биенээсээ халгав уу, хүрзэн хэсэг зогсоцгоолоо. Сарлагийн бух толгойгоо нэг сэгсрээд шуудхан яваад очив. Мөргөлдөж эхэллээ. Хүчээр тэнцүүхэн тул ана мана үзэлцэж байв. Сарлагийн бух ул суурьтай эгц өмнөөс нь дайрч байхад монголын бух түүнийг тойрсхийн тулж хамгаалсаар байв. Хэрэв толгой хөндийрвөл монголын бух булт үсрэнгүүтээ хажуугаас нь дайрч эврээр илүү төрсний ид шидийг үзүүлэх байлаа. Тэгэвч сарлагийн бух үүнийг мэдээд эгц өмнөөс нь дайрсаар байв. Сүүлдээ монголын бух ухрах янзтай болж ирэв. Сарлагийн бух газар баттай тулан, зөвхөн зүтгэсээр ажээ. Сүүлдээ монголын бух бүр хамгаалах байдалд шилжив. Сарлагийн бух газрын хэвгий далимдуулан гэнэтхэн турж дайрав. Монголын бух ухарч хөөгдсөөр сөхөрч ойчоод ум хумгүй босон зугатлаа. Сарлагийн бух толгойгоо сэгсрээд хэдэн үнээ рүү очив.

** ** **
Айлууд босож эхэлсэн бололтой ганц хоёр гэрээс утаа суунаглаж тогтуун агаарт замхарна. Сүүний амбаарын гадаа нэг хүн түлээ хагална. Энэ бол Доной ажээ. Доной сүү авна. Тэр өнөө өглөө босдог цагтаа босоод газар зуухандаа гал түлж ус халааж, түлээ хагалж зогсов. Тэгтэл Донойн нүдэнд үхрээ хурааж яваа Алимаа харагдлаа. Алимаа нимгэн тэрлэг өмсөөд цээжээ урагш түрэн зоримог шалмаг алхаж явна. Тэр ааш зан, ажлаараа хэний ч дор орохгүй шавхийсэн бүсгүй билээ. Алимаагийн аавыг Дарам гэнэ. Энэ фермийн арван өрхөөс нас намбаараа ах захлаач нь Дарам гуайнх. Ердөө ганц охинтойгоо амьдарна. Алимаа өнгөрсөн хавраас бүсгүй хүний намба төрхийг олж охин зангаа аажмаар гээж эхлэв. Түүнд санаандгүй гэнэт дурласан хүн бол сүүн заводын Доной байлаа. Алимаа Донойд муугүй, харин Дарам гуай Донойд дургүй ажээ.
Алимаа үхрээ туусаар зэлэн дээрээ очив. Доной Алимааг хараад хүч орох шиг болжээ. Ер нь Алимааг хараасай ч гэж бодов. Яртай бүдүүн түлээ Донойн далайх болгонд санаан зоргоор ойчиж байв. Алимаа Донойг харсан юм уу, үгүй юм уу хувингаа авахаар гэртээ явж оров. Доной хагалсан түлээнээсээ авч газар зуухандаа гал нэмэв. Тэр сүүний машины бүтээлгийг хуулан сүү авах ажилд жин тан бэлдлээ.
Фермийн хүүхнүүд саалиндаа гарцгаав. Дарам гуай хормойгоо бүсэндээ хавчуулаад хэд хоног аргамжсан цоохор сэрхээ хөтлөн гэрийнхээ цаагуур оров. Харин тэдний гэрээс урьд өмнө сонсогдоогүй хөгжмийн сонин аялгуу цуурайтаж эхэллээ. Хүлээн авагч биш, тэгсэн ч хүлээн авагчаар ийм хөгжим авахгүй гэдгийг Доной мэдэх билээ. Тэгэвч Донойд түүнийг анхаарах сөхөө байсангүй, машинаа халаахаар амбаартаа оров.

үргэлжлэл дараагийн 7 хоногт

( Сэтгэгдэл бичих? | Роман, тууж | Өгүүллэг | Шинэчилсэн огноо: 2011-01-10 17:15:46 )
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2013-01-03 зохиол таалагдаж байна үргэлжлэлийг нь уншмаар байна
2011-01-13 hotoos zaluu irj de alima ahuni hun bolj daram hugshin hul aldaj ehellee
2011-01-13 hotoos har huu irj de daram hugshin hul aldaad ehellee
2011-01-11 гоё зохиол шүү уншаарай