Өвөр Монголын яруу найрагч Зүүнгар Буянбат
Өвс өвсний мөнгөн сор дээр оддын гэгээг тогтоож Өдөр өдрийн цайны дээжээр дэлхийн араншинг аргадаж Зүүд зүүдний эхэнд хүүтэйгээ учран жаргаж Зөн совингийн эрхээр өөрийгөө хууран тайтгарч Ээж минь намайг хүлээж байна Ээжээ! Би тань руу явж байна
Шившиж орхисон есөн зоосоор хүүгийнхээ анирийг наашлуулж Шивнэж тоолсон маанийн эрхээр хүүгийнхээ сүүдрийг гэрэлтүүлж Шатаж дүрэлзсэн загийн гал дээгүүр хүүгийнхээ заяаг ариулж Ширгэлж уугиулсан сангийн утаагаар хүүгийнхээ барцадыг үргээж Ээж минь намайг хүлээж байна Ээжээ! Би тань руу явж байна
Хөх тэнгэрийн хормойг торго шиг сэмэлж намайг харлаа, ээж минь Хөглөрсөн их мананг хаяа мэт шууж намайг саравчиллаа, ээж минь Хөхөмдөг хүйтэн жаврыг айраг мэт залгилж намайг саналаа, ээж минь Хөмсгөн сарны нулимсыг ааруул мэт эгшээж намайг хүлээлээ, ээж минь Ээж минь намайг хүлээж байна Ээжээ! Би тань руу явж байна
Чөдөртэй морь янцгааж шүүдэр шилгээсэн өглөө Цэцгийн солонгоноос ургасан нарны сормуус ирвэгэнүүлж Цайгаа хуваалцах хүнгүй ганцаардаж суусан ээждээ Цавьдар саарал зэрэглээ зүсэж тань руу явж байна Ээж минь намайг хүлээж байна Ээжээ! Би тань руу явж байна
Тэмээндээ явсан хойгуур хүү минь ирчихсэн байгаасай гэж Түлээ хугачихын агшинд баруун чих минь хангинаасай гэж Дуг хийхийн зуур зүүдэнд хүүгээ нэг харахсан гэж Дуу аялахын чөлөөнд хорвоог амгалан байг гэж Ээж минь намайг хүлээж байна Ээжээ! Би тань руу явж байна
Буугаад нүүсэн бууц өвс ургаж тайтгарсан байдаг Булгалсан гадасны шарх цэцгээр инээж анисан байдаг Манаж тавьсан галын үнс нь бүлээн хэвээрээ байдаг Майжгар ээжийн минь гишгэсэн мөр дээр одод хөлбөрч хоносон байдаг Ээж минь намайг хүлээж байна Ээжээ! Би тань руу явж байна
Үгээр зул бариад үнэгэн харанхуйг гийгүүлдэг байсан, ээж минь Үлгэрээр ухаан задлаад унаган мөрөөдлийг цахидаг байсан, ээж минь Үүрээр цацал өргөөд уулсын цангааг тайлдаг байсан, ээж минь Үйлийн хайчаар гунигаа хайчлаад жаргал эсгэдэг байсан, ээж минь Ээж минь намайг хүлээж байна Ээжээ! Би тань руу явж байна
Газрын татах хүчинд жилээс жилд бөхийсөн Гантай зуны бороон дусалд гунигаа дэвтээж цэлмэсэн Мөнх цастай хайрхандаа алтан дурсамжаа нууцалсан Мөнгөн сортой санчигаас нь намрын шувуу ниссэн Ээж минь намайг хүлээж байна Ээжээ! Би тань руу явж байна
Ботгоо өхөөрдөөд наашаа эргэхэд нь уяан дээрээ буумаар байна Бучигнуурын үндэс шиг гараар нь гэмшлийн нулимсаа арчуулмаар байна Буурал дээдсийн зэмлэсэн харцаар өөрийгөө нэг ороолгомоор байна Бурхны алганаас рашаан амсуулж ээжийгээ мөнх жаргаамаар байна Ээж минь намайг хүлээж байна Ээжээ! Би тань руу явж байна
Алтан нарны цаанаас хүү чинь давхиж явна Аниж үзээгүй бурхны мэлмийнээс таньдаа ирж явна Атан тэмээний жонжоонд хангарьд шиг нисэж явна Аргалын утаа гогцоорсон толгодын цаахна хүрч явна Ээж минь намайг хүлээж байна Ээжээ! Би тань руу явж байна
Тэмээ дэргэсэн сультай дэнжид гэр минь байдаг Тэнгэрийн солонгын нэгэн үзүүрт ээж минь байдаг Эрхэс гарагийн урсгал бүхэн нар зөв эргэж байдаг Ээждээ очих зүг минь бурханд хүрэх зам байдаг аа Ээж минь намайг хүлээж байна Ээжээ! Би тань руу явж байна
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Нутгийн салхи Хэмжээс: 600x489 112k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5191
zam-069.JPG Хэмжээс: 600x450 135k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4947
mongolia2007year-126.JPG Хэмжээс: 600x450 58k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4408
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: