Өгүүллэг: Хайр өөрөө агуу... Оруулсан admin Огноо: 2011-04-15 13:50:34 (11403 уншсан)
Цэцэгс дэлбээлж байсан үе анхны бороо, анхны нахиа, анхны дурлал, анхны хайр... энэ бүхэн хавартай хамт...
Нэгэн ангид эзэнгүй, хэн ч тоодоггүй, царай муут үзэг амьдардаг байжээ. Заримдаа түүнийг хэн нэгэн үзэгний саваа мартчихаараа ч юм уу, эсвэл бал нь дуусчихаар ширээн доороос, шүүгээний булангаас, хааяа бүр хогийн савны ойролцоогоос олдог байв. Гэвч бичиж дуусаад л хаа нэгтэй орхиод явдаг байжээ. Тэр бол уйтгартай, гунигтай, ганцаардмал үзэг. Бүх л зүйл түүнд утгагүй санагдаж заримдаа ганцаархнаа уйлдаг, хэний ч анхаарлыг татахааргүй тийм нэг цэнхэр бэхтэй үзэг байлаа...
Ангийн хүүхдүүд бужигнасан хаврын анхны бороотой өдөр, амралт эхлэх дөхөж байв. Царай муут үзэг урьдын адилаар гунигтайгаар шалан дээр хэвтэж байжээ. Гэтэл нэг охин түүнийг олоод найзынхаа үзэгний саванд хийчихэв. Цэнхэр үзэг ихэд гайхан ийш тийш хартал гоёмсог саван дотор сарнайн өнгөтэй , анхилам үнэртэй үзэсгэлэнт үзэгний хажууд байв гэнэ. Энэ мөчид тэр түүнд дурлажээ. Урьд нь хэзээ ч ийм жаргалтай байсангүй. Үзэг ийнхүү бодов... Хорвоо дээрхи хамгийн жаргалтай нь би биш гэж үү? Өөр хэн гэж... Тийм ээ би түүнтэйгээ учирсан. Энэ бүхэн үнэхээр сайхан хэмээн бодно. Үзэсгэлэнт үзэгтэй насан туршид хамт байна гэж мөрөөдөж лааны гэрэл мэт бүдэг бадагхан сүүмийх гэрэл түүний сэтгэлд бадамлан байсан биз ээ... Гэвч энэ бол зөвхөн түүний бодол.
Өөрийнх нь үзэг биш гэдгийг мэдээд охин түүнийг үзэгний савнаасаа гаргаад хаячихлаа. Энэ мөчөөс тэр эргээд л урьдын гунигтай азгүй үзэг хэвээр үлдэв. Гунигтайхан зун, гутрам намар ахиад л... Өдөр хоног өнгөрч, цаг хугацаа урсах тусам түүний уйтгарт амьдрал төгсгөлрүү алхсаар. Бэх нь дуусч байлаа. Дусал дуслаар хорогдох түүний амьдралын хувьд тэр үзэг л хорвоогийн цорын ганц утга учир, хайр байсан юм. Хэдийгээр үхэл түүнд аймшигтай санагдахгүй байсан ч сарнайн өнгийн үзэгтэй дахиж уулзахгүй байх вий гэхээс зүрх нь өвднө. Үүнээс өөр хүсэх зүйл түүнд байсангүй...
Өөрийн хайртай охиндоо сэтгэлээ илчлэхээр нэгэн хүү ширээн дээр хэний ч юм нэгэн үзэг байсанд түүнийг аваад “би чамд хайртай” гэж тооны шугамтай дэвтрийн цаасан дээр бичээд, сэтгэл нь маш ихээр түгшинэ. Энэ үзэг гаднаасаа онцгүй ч гэлээ гоё гардаг юм хэмээн бодоод амжжээ. Охин тэр захиаг аваад маш ихээр баярлаж байлаа. Учир нь тэд бие биедээ хайртай. Бүр маш их... Удаан нууж явсан тэр охин хариуд нь сарнайн өнгөтэй үзгээр “би ч гэсэн чамд хайртай” гэж гоёмсгоор бичжээ. Хүү үүнийг уншаад тэнгэрт дүүлэх мэт хөвөн, зүрх нь хүчтэйгээр цохилж байв. Тэд аз жаргалтай байлаа...
Царай муут үзэг энэ үед яаж байсан бол? Сарнайн өнгөтэй үзэгтэй дахин учирч насан туршдаа хамт байхаар хайрын захидал дээр хоёулхнаа хамгийн сайхан үгсийг сийлсэн шүү дээ. Тэр үүнийг л хүсэж байсан биз ээ.
Хүү хариуг уншаад охин руу зүрх зуран явуулах гэтэл үзэг тасалдан тасалдсаар сүүлчийн дусал бэх арайхийн хүрэв. Эцсийн дусал бэх... Царай муут үзэг ийнхүү хорвоог орхисон ч сүүлчийн хоромд тэр хамгийн жаргалтай нэгэн болон хувирсан юм. Тийм ээ ертөнц гайхамшигаар дүүрэн юм билээ. Тэр үзэг ч ийнхүү бодсон биз ээ.
( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Өгүүллэг | Шинэчилсэн огноо: 2011-04-15 13:50:34 )
|
||||||||||||||||||||||||