Талаа гэж явлаа Та нараа гэж ирлээ Алшаа ардын дуунаас Өрөм тос хөвсөн аягатай цайнд Өглөөний наран тонгочсон Өгөөмөр сэтгэл тунарсан сархадын дугараанд Үдшийн саран бишүүрхсэн Өвс мэлмэрсэн эгшиг дууны цацалд Оддын мишээл эрхэлсэн Өгөөж жаргал шаагисан шагайнд Галын бурхан амарлисан Тамсагбулагийн их говь минь
Сарны туулай Хөмүүлтийн хөндийн Явган заганд бүлээсч хонодог Салхины ааг сөл, хулсанд даахирч Боролжтой дэнжид нь туйлдаж цочирдог Сая жилийн намтарыг Шугуйн давсаар хужирлаж мөнх цомнодог Сайхан бүсгүйчүүл нь нар салхиар үнсүүлж Хүрэл зүсээр туяардаг Тамсагбулагийн их говь минь
Толгодын цаанаас тэмээтэй хүн Шовс шовс гараад ирэхэд Тогоотой шаргал цай Даргилан дэврэн буцалж эхэлдэг Тором ботго гунганалдан Торлогийн үндэс сугартал тонгороход Тоост бор орчлонгийн Оньсого мэт араншинг зөгнөж мэддэг Тамсагбулагийн их говь минь
Алсад мордсон хүүгээ санчигаа гандтал санаж Маань хүлхсэн ээж Алтан бурхны мэлмийгээс эх авч урссан Янзаган саарал зэрэглээ Атан тэмээний бөхнөөс нар огшиж мандсан Алшаагийн торгон хязгаар Агь нүдэлсэн шилээр салхи зээр хоёр цахилсан Ашдын амгалан орон Тамсагбулагийн их говь минь
Сүрэг сүрэг хавтгай шиг хуйларч тогтсон Домгийн хөх цохионууд Сүү сүүний дээжээр дуулж чуулсан Нүүдлийн цагаан хунгууд Сүжиг сүжгийн чулуугаар тэнгэрт ассан Шүтлэгийн дагшин овоонууд Сүг сүнсний онгодоор өөрийгөө ирлэсэн Шаазгай алаг цахиурууд Тамсагбулагийн их говь минь
Бурантаг тасрам гүйдэлтэй хурдан атаараа Хийморио сэргээсэн малчин заяа Буурал түүхийн догшин үерт Урсаа нь үгүй үлдсэн унаган шастир Булган нутгийнхаа шороон дээр Бурангуйн сүүдэр тусгаа нь үгүй ард түмэн Бурам шиг охидоо бууран тайлаг шиг Зайдан хүнд өгөөгүй ухаант дээдэс Тамсагбулагийн их говь минь
Галтай зуух хөлчиж Нартай хоймор саатсан Гаанс хөхөж хууч дэлгэсэн Бичигт хүрэн хад шиг харцуул минь Гантай, зудтай тэнгэрээ аргадаж Овоондоо чулуу нэмж тайтгарсан Галбын говийн мухарт буудалласан Монголын тансаг үргэлжлэл Тамсагбулагийн их говь минь
Үүлс шилгээж агсам буур хүрхрэхэд Есийн хүйтэн дагжиж сөхөрдөг Үүд голлож хулан жороо жиргэхэд Холын зочин бууж морддог Айраг догширч зандан архад шижигнэхэд Ботго зүүднээсээ цочиж сэрдэг Аян ойртож хонх шуугиж эхлэхэд Бөжин хэвтрээсээ дэлхийг хардаг Тамсагбулагийн их говь минь
Элсэн хошлонтой сэрвэнд нь тэнгэрийн зүүд мэт Мөндөр цагаан гоёо буй Элир балар эзгүй их бэлчээрт нь сарны хүрээ мэт Монгол гэрийн буурь бий Нар хурхирах хонхорт нь бурхны санаа мэт Хүрээтийн цогчин дуган бий Найман зүгийн хишигтэн мянган зул мэт Мөнхийн цагаан совин бий Тамсагбулагийн их говь минь
Зуны жин үдэд Жараны нуур буцалж Гүрвэл цангасан нутаг Зуун зууны бэрхийг ингэний сүүгээр мялааж Аргадаж туулсан амьдрал Зүүний сүвэгчээр гогцоорч урссан он жилүүдийг Тоононоосоо чагталсан айл Зүрхний судсаар багтаж дэргэсэн тэмээний заяаг Бурхандаа даатгасан Монгол Тамсагбулагийн их говь минь
Өвөр Монголын яруу найрагч Зүүнгар Буянбат
Айраг исгэдэг модон сав
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Улаан бүсгүй Хэмжээс: 580x600 149k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6838
zam-082.JPG Хэмжээс: 600x450 30k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4883
mongolia2007year-035.JPG Хэмжээс: 600x450 88k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4339
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: