Манай Алшаа нутгийн хамгийн өндөр, холоос харагддаг, сүр бараатай элсэн цохиог Бүрээ манхан гэдэг. Өндөр сүрлэг бүхнийг бишрэн хүндэтгэх монгол ёсоор нутгийнхан маань дэргэд нь нэрийг нь хэлэхийг цээрлэж “Хайрхан” гэж дууддаг билээ.
Зааны нуруун дээр тохсон алтан эмээл Бүрээ хайрхан Замбуулингийн алган дээр дэлгэсэн элсэн судар Бүрээ хайрхан Загийн замбаганд шингэсэн ангир хөгжим Бүрээ хайрхан Задгай салхинд намирсан шаргал далбаа Бүрээ хайрхан
Ээжийн минь цацлаар үүлсээ шилгээдэг Бүрээ хайрхан Ингэн тэмээний буйлаанд энгэрээсээ мэгшдэг Бүрээ хайрхан Эмээлт морь үүрсэхэд суль нь залбирдаг Бүрээ хайрхан Элээ шувуу янцгаахад цулхир нь идээлдэг Бүрээ хайрхан
Азын зүүдэнд ээжтэйгээ учрахад Бүрээ хайрхан Агь цэнхэр мананд булхаж харагдана Бүрээ хайрхан Алсын газраас санаад очиход Бүрээ хайрхан Алтан тал нь хуйларч тосно Бүрээ хайрхан
Аав шүүрс алдахад Бүрээ хайрхан Атар хар шуурга мөргөж цуцна Бүрээ хайрхан Алиа хүү ход ход инээхэд Бүрээ хайрхан Арван тавны сар мөлхөж тэргэлнэ Бүрээ хайрхан
Шилийн хөх чоно сүүдэрт нь үдэлдэг Бүрээ хайрхан Шиндний туяхан найлзуур нар тэмтэрч зүүрмэглэдэг Бүрээ хайрхан Шилбэ цагаан зээр өвсөнд нь бүдэрдэг Бүрээ хайрхан Шилэрсэн ингэний ботго зэрэглээнд нь хөллөдөг Бүрээ хайрхан
Торгон оройгоо салхиар ирлэдэг Бүрээ хайрхан Тором ботгоо торлогоор угждаг Бүрээ хайрхан Тосон тарга хормойд нь халгидаг Бүрээ хайрхан Тоглох насыг минь элсээрээ хуурайлдаг Бүрээ хайрхан
Мөнхийн ус балгасан хон хэрээ Бүрээ хайрхан Мөрөөдлийн совин нууцалсан охин тэнгэр Бүрээ хайрхан Буйлдаг майлдагийн заяа шившсэн алтан богд Бүрээ хайрхан Буудаг морддогийн дөрөө мялаасан монгол ээж Бүрээ хайрхан
Нүүдэл суудал хөдлөхөд уйлж л байсан Бүрээ хайрхан Нүгэл шунал хэтрэхэд нурж л байсан Бүрээ хайрхан Нүүр нүдгүй шуурганд шаналж л байсан Бүрээ хайрхан Нулимс цус хоёрт хахаж л байсан Бүрээ хайрхан
Сүрэг сүрэг тэмээд минь хөөрхий, Бүрээ хайрхан Сүүтэй буянд нь налайгаад мянга болсон доо, Бүрээ хайрхан Сэтэрлэсэн хөгшин ат минь хөөрхий, Бүрээ хайрхан Сулийн тэгнүүлийг нь дэрлээд нүд аньсан даа, Бүрээ хайрхан
Цаг тооллын үерт царцсан далай Бүрээ хайрхан Цагаан өвсний үзүүрт цантсан униар Бүрээ хайрхан Цадиг түүхийн магнайд цамнасан үлгэр Бүрээ хайрхан
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
orkh-006.JPG Хэмжээс: 600x450 89k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5530
mongolia2007year-185.JPG Хэмжээс: 600x450 101k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4999
YolHad_31.JPG Хэмжээс: 700x525 123k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 9651
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: