BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Өгүүллэг 		 Өгүүллэг: НУТГИЙН ХҮН
Оруулсан admin Огноо: 2011-05-05 20:04:30 (10740 уншсан)


Хаврын усан зэрэглээнд хэлхэлдэн, хөтлөлцөн хатирах мэт харагдах сумын төвийн тоотой хэдэн барилгын барааг алсаас олж үзсэн аянчин хижээл эр, зогтусан амсхийж хуучин танил тэр хэсэгхэн дотно газрыг он жилийн уртад сэтгэл дотор нь сүүмэлзэн хоногшсон тэр төрхтэйгөө адил эсэхийг нь тулган харах мэт удаан ажлаа.
Хөл нь хөшилдөн сульдаж, гэдэс нь хонхолзон өл нэхэж, хүйтэн хөлс нь чийхрэн, ядарч байгаа нь мэдрэгдэнэ. Цайлаад хөдлөдөг байж... олон жилийн хойно нутагтаа ирж байгаа нь энэ, урт удаан хугацаанд хол хөндий байсан төрж өссөн нутаг гэдэг... хаврын урь хаа сайгүй тэнэсэн налгар сайхан өдөр юутай дотно дулаахан харагдана...
Зогсч байгаа газар нь… нутаг нь... аргал түүн хормойлсон сэргэг бага насны нь, зөвхөн хуурай сайхан аргал, хурдан “харих”-аас өөрийг бодолгүй дэгдэж явсан борогхон бор, боловч өхөөр төрүүлэх дурсамжийг, мөн ор тас мартаж орхисоныг нь түүнд сануулах мэт хуучин танил хотос гүвээгээ өмнө нь хөндөлдүүлэн, шинэчлэгдэн дурсагдах хуучин дурдатгалыг нь сэргээнэ.
-Өвөө, хараач энд нэг айл... ойрхон... гадна нь гурван морь байна...
-За байз энд чинь... хэнийх байдаг билээ… би яаж танихав, өчнөөн жил өнгөрч... гэхдээ ямар ч байсан айлын бараа харья, хөл залгах óíàà... уг нь бараа нь харагдаад ойрхон л байна, даан ч ядарч... хөгширч байна шүү би, энүүхэн хооронд...
-Миний хүү өвөөтэйгөө зэрэгцэж яв... нохой...
-Нохой хуцахгүй байна шүү дээ өвөө....
-Гэлээ ч наашаа яв, чулуу барь...
-Нохойгоо, хорио... хаалга онгойв,
-Нохой...
-Өө.... нохой байхгүй, ор ор... мэнд усаа мэдэлцсэн гуч шүргэм насны залуу хүүхэн, хойморт... орны хөлөөс уяулсан ч, манай хоёрыг харж өндөлзөн баяссан, хөл, хэлд орж амжаагүй, халтар баривчтай мантгар хүү... баруун орон дээр бүхлээрээ буруу харан унтах... товир биетэй эр...
Хуучны гялалзтал зүлгэсэн хөнгөн цагаан “орос” данхнаас аягалсан зэлгээхэн ч... сүү амтагдсан цай, амт хачир муутай ч мань хоёрын харцыг татсан, гамбир... өлсч ундаасч явааг нь гадарласан бололтой нэг том гамбир нэмж таваглан цайгаа дөхүүлэв... өл залгав, учраа хэлэв...
Энэ үес баруун орон дээрхи эр хөдлөв... эргэж харав. Гайхсан нүд, нойрмог... өдийд ч нээрээ адуу манадаг цаг л даа... босохоор урт мөчөө эвхэн өндөлзөв.... мөн л хижээл эр байв... харваас өвгөн гэж хэлмээргүй ч адилхан “өвөө” л дөө... нэг л танил шанаа түүш... тун яаралгүйхэн өндийн суугаад... манай хоёрыг хайнга гүймэгхэн харснаа харц нь цочих шиг болж дахин хянамгай харлаа...
-Үгүй, энэ чинь чи юу?... гэрт байсан улс бүгд сэрхийн түүнийг харцгаав... хоёр эр бие биеэ таницгаажээ... монгол эрс хойно тамхилцгаав... гэвч тэд золгоцгоосонгүй, дотноссонгүй тэр тусмаа ирсэн гийчин нь, саяхан учраа хэлж... тусламж гуйснаа мартчихсан мэт үг дуугүй, ум хумгүй ач хүүгээ дагуулан... явжээ, нөгөөх нь саяын гарч одсон “өвөө”-тэй адил ч юм шиг харагдах зээ хүүгээ харан гаанс тамхиа барьж авав... залуугийн явдал ажээ...
Аянч эр... энэ олон жилд, бодон бодсоор, гэр бүлдээ, нутгаа үзүүлэхээр анх удаа иржээ... гэвч ямар нэг ерөөл учралаар энэхэн хооронд, ойрхон зуур, унаа машинд нь саатал үүсч... бас энэхэн зуурт нь... ойр мөд уулзаж учраагүй... уулзахаас бэргэм, яах аргагүй таних, мэдэх, нутгийн хүн... таарчихдаг байна, нутаг нь л даа...
Алхаж очихоос яахав... энэ сайхан агаарт, бас ч өл залгачихсан, дажгүй... гуйхгүй...
-Миний хүү битгий хоцор хурдан яваарай, гэтэл ач хүү нь...
-Өвөө араас... нэг морьтой хүн, бас нэг морь дагуулчихсан ирж явна...өвөө нь харав, танилаа... даага уначихсан юм шиг, янхигар том биеэр нь...
-Хөтөлгөө морьтон гэдэг юмаа миний хүү...
-Тэрүүндээ “унадаг юм” тавьчихаж...
-Ишш, миний хүү тэгж ярьдаггүй юмсан... монгол хүн байж...
-Тэгээд юу гэж хэлдэг юм... ач хүүдээ хэлэх тайлбараас нь урьд ирж яваа морьтоны тухай бодол үерлэнэ... унаа морьтоны чимээ ойртсоор... хаврын урин салхиар туугдан, хүлэг морьдын хөлсний мартагдаж орхисон хуучин танил сайхан үнэр сэнхийн бараг дэргэд нь ирчих шиг...
Дөрөө ханхийв, хотын ганган ”өвөө” зогсознон эргэн харвал хэдийнэ мориноосоо буусан хөдөөгийн хөх “өвөө” золгох гэж буй бололтой морио хантайрч хөтлөөд түүн тийш төв намбатай алхаагаар хүн хүнийхээс том, нутгийн нь “салхи хөдлөм” халхгар нудрагаа сөхөн, эмхлүүлсээр ойртлоо... нээрээ “нудрага” хочтой л доо, “нутгийн нь хүн”... 26.27.IV.2010.БХР


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Өгүүллэг | Шинэчилсэн огноо: 2011-05-05 20:04:30 )
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2019-06-16 аав
2017-10-31 Uuchlaarai nutgiin hvn zohiolch ni hen yum bol??
2013-05-24 Ок....
2011-05-06 энэ бичвэртэй холбогдолтой бусад мэдээллийг BANGIG. NET-ийн BUMBAT BLOG-оос авч болно.