Өгүүллэг: М.Цэемаа : Суганы шилбэ Оруулсан admin Огноо: 2011-11-13 21:15:01 (8819 уншсан)
Хөөх миний дүү чинь яасан том эр болоо вэ? Ёстой л хангайн буга шиг сайхан эр болжээ гэж Навч эгч дуу алдан угтсан сан.
Тавь шүргэж л яваа гэхэд урт Дорж гуайн Умбаагаас долоон дор өтөлсөн харагдана.Умбаа гэж гулав шалавхийсэн улаан чавганц.Хэл ам гэж хээрийн түймэр л гэсэн үг.Өчигдөрийн сайн өдрөөр “шанх”-аа үргээлгэж “чавганц болжээ.Тойрмын голоор л нэг “хөөрхөн чавганц” болжээ гэж өхөөрдөхөөсөө шоолох нь.Тэр олигтой ч чавганц болж чадахгүй дээ муна оргисон мунхаг золиг гэж цухлын муу үг шидэх нэг ч байх.
Гучин жил гэдэг хүмүүний насанд урт хугацаа билээ.Урт Дорж,Умбаа,Навч гурвын хувьд энэ цаг хугацаа жаргалтайгаа дуудвал өчигдөр шиг,зовлонтойгоо бодвол зуун жил шиг л байсан байх даа
Намайг сургуульд ордгийн жил хормойгоо шүргэсэн хоёр салаа црт гэзэгтэй номхон нүдтэй намхан бор охиныг баян Алдрын ганц хүү Лүнгийн буудал дээрээс сундлаад,сундлаад ч юу байх вэ ганзагалаад шахам аваад ирж билээ.
Нутгийнхан Алдар гуайг Тойрмын голыг донсолтол нижгэр найр хийх байх даа гэцгээн,гашуунд дурлагсад намрыг маргааш шиг хөөрцөглөж,сураггүй хуримыг заллага авсан аятай баярлацгаах нь хөгтэй,хөгжилтэй ч.
Намар боллоо.Найр хавтгай Тойрмын гол,Хавтгайн гол тэр аяараа...
Манай нутаг байтугай залгаа гурван сумандаа нэртэй баян Алдарынх найрласангүй.
Хорголоо тоолсон хог...энэ Алдар ер нь томоохон шиг баачихвал нойргүй хонодог байх шүү гэж тэсгэлгүй зарим нь хорон хэл гүйлгэх.Алдар хүүгийнхээ хаанаас ч юм бэ ганзагалаад ирсэн “хүн”-ийг “бэр”-ээ хэмээн ойшоож үзсэнгүй.Алдар гуайнх бэртэй бус сайхан босоо зарцтай болсон нь энэ Навч эгч.
Идэр ес тачигнасан өвлийн орой Тойром өгсөж явсан аавын нүдний буланд дэрсний хөлд нэг юм сүүтэгнэх шиг болж,унаж явсан морь нь хамар дугарган үргэх аядав гэнэ. Сайн ахиулан хартал Навч эгч хормойдоо ямар нэгэн зүйл нандигнан боогоод бөхийн явган суусан байхыг харжээ.Морио яаран тушаад гүйн хүртэл Навч эгч төрчихөөд хүүхдээ хормойдоо тунтарч тэврээд босч байсан аж.Ай бурхан минь...эвий минь наад хүүхэд чинь оёгож болохоо болилоо.Чи чинь яачихсан хүүхэд вэ гэж уйлах шахуу халагласан гэдэг...Үгүй мөн шазууртай хүүхэд шүү.Хөмхийгөө тас зуугаад л чичрээд байж билээ.Бурхан минь...бурхан минь.Та нар бол ч үхсэн үхсэн.Үгүй тэгээд хүн гэдэг амьтан утсан чинээ улаан амьтай л гэнэ цаг нь болоогүй бол яадаг ч үгүй л юм билээ дээ гэх.Навч эгчийн хүүг “Зэрлэг чоно” гэж нэрлэсэн юм даг
ИХ цас орж зудалсан жил сум нэгдлээрээ отор хийж хойд сумын хойд руу бараг Булганы нутагт өвөлжсөн сөн.Хавар нь Орхон гол үерлээд манайхны буцах замыг боочихоод зуны эхэн сар гарч байхад уван цуван нутагтаа ирцгээж билээ.Тэр жил цагаан сарын дараанаас “шар” өвчин газар аваад хөдөөний сургуулиудад хөл хорио тавьж хавартаа нэг сар амардаг байсан малчны хүүхдүүд бид бараг хоёр сар хичээл завсардав.Алдар гуайн манай хоёр саахалт.Манайхны хот айлаас Навч эгч бид хоёр л шарлалгүй үлдэж,гэрсахих,төл авах гээд борви бохисхийх байтугай үг ч солих завгүй,би л хувьдаа сөхөрч унах дөхөж билээ.Навч эгчтэй хааяа нэг усан дээр таарах,25 литрийн бидонтой усыг нь өргөж мөрөнд нь мөрлүүлж өгөхдөө “алив би усыг чинь хүргээд өгий” гэхээр “юу хийх вэ миний дүү эгч нь алзахгүй” гээд алхчихна.
Овоо гайгүй царигтай орсон эмнэг шүдлэн уургалж байгаад суганы шилбээ тасдуулчихаад оёж чадалгүй гадаад энгэр унжсан байсныг Навч эгч харчихаад “миний дүү ээ эгч нь суганых нь шилбийг сольж хадаад өгье.Эр хүний суга унжаад хормойгоо өшиглөж явах муухай.Сугаар нь хүйтэн хавсрага нэвт үлээгээд ямар олиг байх вэ? Хаврын салхи хавирга нэвт гэдэг дээ гээд гэр өөдөө гүйж “монфаасааны” хайрцагтай зүү утасны саваа авчраад бараан өнгийн шилбэ гаргаж хадаж өгөөд суганы товч энгэрийн товч шиг ил харагдах биш өмссөн дээл нь бүтэн бүлээн оргиод явж байвал болох нь тэр гээд инээмсэглэж билээ.Намайг хөдөө байх үеэр Навч эгчийн нөхөр ер ирсэнгүйг бодоод та ганцаараа ядрахгүй байна уу гэвэл “өө эгч нь сурчихсан юм аа л гэнэ.Харин хүүгээ их л санадаг шиг “миний муухай Зэрлэгээ” гэхээр нь нуруу руу хүйт оргиод явчихна.Эх хүн үрээ эвийлж энхрийлж байгаа биш араатныг чичлэж байгаа аятай эвгүй гэж яана.Навч эгчийн нөхөр суманд эмчээр ирсэн өөрөөсөө нэлээд эгчмэд бусгүйтэй суугаад сумын төвд амьдардаг.Аав ээж нь ч гэсэн “бэр” нэртэй зарцдаа “ял”-тай хэдэн малаа хаяад “өвчин” хэлээд тухтай газар жаргаж суудаг тухай сонссон болохоор хээр хөдөө хаягдаж гээгдсэн хөөрхий эмэгтэйг өрөвдөнө.
Дараахан нь нэгдэл тарж нэгдлийн нэр данстай болгонд хувьцааны мал ноогдож нийтээрээ малчин болцгоож билээ.
Алдар баян аль хэдий нөгөө ертөнц өөд одож ганц хүү нь урт хэмээх Дорж гуай,эхнэр Умбаагаа дагуулаад Тойрмын голдоо ирж голомтоо тулж,залуудаа хийгээгүйгээ хийхээр ирж гэж хөгшин хөвөөгүй сониучирхана.Урт Доржийн урдах,хойдох эхнэрүүд нь айл бууцгаажээ гэж илүү хошуутай нэг нь үг сүвлэх.Уг нь айл ч арай биш л дээ саахалдуу бууцгаасан байна.Харин Урт Доржийн ганц хүү харьд одоод арав гаран оныг үдсэн ажээ.Навч эгч намайг дуу алдан угтаж хөл хөөрцөг болон дайлж суухдаа хүүгийнхээ сургийг сонсох сон хэмээн хүсэх нь илт.Миний сонссоноор өнөө Зэрлэг чоно хүү одоо өөр нэртэй болсон гэнэ лэй.Гадаадынхантай нийлж Монголчуудаа дээрэмдэж тоносон сүрхий нэгэн Европоор хөндлөн гулд хэрж явсаар Косовогийн дайны үеэр хаанахын ч юм сайн дурын армид хөлсний цэрэг болчихсон явахтай нь манай нутгийн наймаачин залуу уулзсанаа яриад ,хүн ер нь хүүхэддээ нэр өгөхдөө бодмоор юм “зэрлэг чоно” байхдаа ч яах вэ дээ гэж билээ.
Суганы товч энгэрийн товч шиг ил харагддаггүй хирнээ хэрэгтэй.Хэрэгтэй хирнээ хэрэг болдоггүй нэгэн байхад хэрэггүй юм шиг далд байгаад л байдаг хэрэгтэй зүйлс хичнээн олон.Хорвоо уужмаа хүрэхээр нүдний хараа хүрэмгүй,чихний сонор дууламгүй,давчуугаа хүрэхээр хоёр гэрийн буйр ч багтамгүй нь үнэн л шиг вэ дээ
М. Цэемаа 2011 он
( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Цэемаа М | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:35:28 )
|
||||