Олон жилийн өмнө Талын толгойн баруугаар нутагладаг дэнхэр Цэгмэд гэдэг өвгөнийх байдаг сан.Нэгдэлийн тэмээчин тэрээр морь уянаа.Тэднийх хурдан зээрд морьтой тэр нь сумандаа бол “дархан аварга” л гэсэн үг.Ойр хавийн хэдэн сумдын гарын таван хуруунд багтах уяачид Цэгмэд гуайнхыг сурахаасаа зээрдийг л асуух .Энэ жил мал гайгүй царигтай орлоо хэмээн билэг дэмбэрэлтэй үгс хэлэлцэхийн ялдамд ирэх наадмын тухай цухасхандаа Цэгмэд гуайн “аварга зээрд”-ийг асуухгүй өнгөрнө гэж үгүй.Бараг эзнээсээ илүү нэр цууд гарсан энэ хүлгийг дааганаас нь л “жороо” Жанцангийн бага хүү Орлом унах л даа.Цэгмэд гуай Орломоос өөр хүүхдээр мориныхоо ажлыг ч хийлгэхгүй.Хаа байгаа өртөө илүү газраас л хатсан хавраас эхлэн сурагласаар хөтөлгөө морьтой очиж Орломыг авна.Орлом ч сургуулийн амралтаа эхлэв үү үгүй юу гэрээдээ биш Цэгмэд гуайнх руу л явчихна.Цэгмэд гуайнх олоон олон ач зээтэй хирнээ “төөрч төрсөн “ гэгчээр Орломын хойноос сүйд болно.Нэг удаа том ач хүү нь Орломтой барилдаж байгаад унаачийнх нь цамцыг урж орхитол өвгөн сүрхий уурлаж уургын хуйв буулган морин дээрээс ороолгон хөөж авчрахад бэр Янжин нь ил хэлэхгүй ч дотроо хүүгээ өмөөрч “ их гийгүүлж дээ.Яйжгий Жанцангийн хүүгээс миний хүү дор л байж гэнэ” хэмээн ундууцсан удаатай.”Үгүй энэ нэг юм ер зүгээр суух ч үгүй шүү дандаа дэггүйтэж,зүггүйрхэж байх юм хэмээн эмгэн Ханд үглэхэд Цэгмэд гуай “чихгүй” шиг л суух.Ач нар нь уйлалдаж майлалдаж энэв тэрэв гэвэл хамгийн түрүүнд л “Орломыг яачихав,ийчихэв” хэмээн дуугарч арай л өөрийнхөө хүүхд үүдэд “ад “ болохгүй шиг л байна.
-Миний хүү уяан дээр цээртэй үг хэлдэггүй юм шүү дээ
За өвөө
-Миний хүү нэг гэртээ хариад ирнэ байгаа.Сунгаа яагаа ч үгүй байна шүү дээ
Яах юм бэ нэг л мэдэхэд наадам хаяанд ирчихнэ.Найман сард л гэртээ өнжье.
Өвгөн хүү хоёрт орчлон дээр “зээрд”-ээс нь өөр эрхэм юм үгүй.Хүү ч өвгөн өөрөөс нь өөр хүнээр “морины ажил” хийлгэдэггүй болохыг мэднэ.Орлом ойролцоох нуурын усан дээр очиж хааяа усаар тоглоход өвгөн дургүй.Өөр бусдаар юу л хэлнэ вэ өвгөн “за тэгье дээ” гэнэ.Агент орж эмгэндээ ногоон цай,улаан тамхи залгуулахдаа “вафли” хэмээх өрмөнцөр нялуун хавчуургатай жигнэмэгийг хэд хэдийг хөдөлмөр өдрийнхөө хөлсөөр авчраад бор авдартаа хийчихээд сэм сэмхэн Орломд өгнө. Ач нараасаа нууж,цаасыг нь галдаа шургуулчихна
Удаан гэгч хуучин муу мод толгойгоо угзран уяан дээрээ Цэгмид гуай суусаар л.Ач хүү Нэмэхээ нь гүйн очиж “ээж таныг будаатай цай уу гэж байна”гэхэд алсыг харан мод толгойгоо зуугаатай чигээрээ бодол болон суусан өвгөн займчин дороо хэд найгаснаа “хүүхээ...миний хүү өвөөгөө татаад орхи...хэмээн гараа сунгангаа “муу хүү минь сайн л харьсан байгаа даа” хэмээн хөхөртөх алсаад хараа билчээн санаа алдав.Нэмэхээ хүү өвөө та Орломыг санаад байгаа юм уу.Өчигдөрхөн явсан ш дээ хэмээн цайлганаар ярьсаар өвөөгийнхөө алхааг гүйцэж ядан бөндөгнөн шогшино..
Ээжээ... та наад цамцаа хурдан оё л доо ...Орлом хүү гэрээ их санасан шиг санагдаж байсан даа.Цэгмэд гуайн том хүү цэнхэр “иж”-ээр хүргэж ирэхэд гэрийнхээ гадаа буугаад ээждээ үнсүүлснээс хойш нэг их удалгүй арагшаа яарах сэтгэл нь оволзож эхлэв.
Гэртээ гурав ч хонохгүй явах тухай л яриад байх юм.Гэрээ мартсан Гэсэр л гэж чамайг хэлдэг байх даа хэмээн Орломын эх үглэх.Унтаж сэрээд гэрээс гарах нь ээ уяа морьдын ижил дасал болсон бараа үгүйд сэтгэл гонсгор гэрийн сүүдэрт тэрийн хэвтэх хөгшин халтар нохойныхоо дэргэд нүдэндээ нулимстай суух хүүгээ хараад эх нь өрөвдөж “энүүгээр Гэрэл жолооч ирнэ гэсэн юм сан хэдэн эргүү тойруу хурга ачаад эмчилгээ тэжээлийн цэгт хүргэнгээ манай энийг Цэгмэд гуайнх руу дөхуулээд өгөөч гэвэл дургүйцэх болов уу яах бол хэмээн бодож сууснаа босоод арагаа үүрэн арын толгой өөд аргал түүнгээ алсын бараа харахаар яваад өгөв.
Хүлээн авагчийн дуу, сумын чанга яригчтай зэрэгцэн...БНМАУ-ын ардын хувьсгалын 63 жилийн ойн баяр наадмын ажиллагаа ёслол төгөлдөр нээгдэж нам төрийн удирдлагууд төв цэнгэлдэхэд байраа эзэллээ...сумын төвөөр энд тэндгүй мотор пижиг пажиг хийн дуугарладаж цэнхэр,улаан иж мотоциклууд зөрөлдөн , гоёлын дээлээ өмссөн хүмүүс цэцэг лугаа өнгө алаглан сүртэй баяртай жавхаатай.
Өвгөн Цэгмэд орой нь цоорхой хуучин муу бүрхээ ар шилэндээ хаячихаад байн байн дөрвөлжин хээтэй цагаан алчуур өврөөсөө гарган толгой нүүрээ арчин их л шимтэнгүй ,хичээнгүйлэн зээрд мориныхоо сүүлийг боож харагдана.Улаан шаргал хувцастай ,богино түрийтэй хар гутал өшиглөсөн Орлом мориныхоо толгой хавилцаа зогсоод мориндоо ямар нэгэн зүйл шивэгнээд байх шиг соньхон.
Морь тавьж өгөхөөр яваа 69 машинтай сумын хэдэн багавтар дарга нараас хамгийн залуу нь эвлэлийн Батмөнх гэдэг бор залуу бухимдуу хоолойгоор ...яваачээ...эргэх хаа ч байсан юм.яв явцгаа... хэмээн машины сигнал дуугарган сүр үзүүлж урт хуйвтай шилбүүрээр тааралдсан хурдан морьдыг ороолгож харагдана.Орлом хамгийн түрүүнд хэдэн хүүхдүүдтэй ханилан хөгжилтэй кино ярьж,ард юу болоод явааг ч мэдэх юм алга.Орломд өвөө нь санаа зовох юмгүй дээ эргээд хөлс нь гарч байгаа бол жолоогоо сул тавьчихаарай зээрд морь нь сурцтай сайн морь юм хойно хаана яаж явахаа өөрөө мэднэ дээ гэсэн сэн.
Орлом морины гарааны газарт наснаасаа олон очсон доо.Морьд эргэх дохио өгөнгүүт л...чүү... гээд гараараа хий саван хөлөөрөө давирангуут л их тоосноос зээрд морь сугаран гарч давхилаа.Ард морьдын төвөргөөн сонсогдсоор холдсоор л...
Орлом эхлээд чих нь шуугиж байснаа дорхиноо гайгүй болж үүлэн дээгүүр хөвж явах шиг санагдан “нэг их сайхан,юутай ч зүйрлэмээр юм бэ дээ”.Гэнэт гэдэс нь базалж юу юугүй “сур харвах” шинжтэйд мориныхоо амыг татан явдлыг нь зөөлөн сааруулж зогсоогоод буун харайж жолоогоо тохойндоо углаад хөтлөн ойролцоох бут руу гүйлээ.Зээрд морь юу ч болоогүй юм шиг толгой хаялан харганын толгой дээр зогсож Орломын “сур харвах”-ыг шохоорхон харах шиг.
Орлом хагас тэгнэн мордоод чүү гэтэл зээрд морь чих шуугиулан давхиж одлоо.
Тамхиа нэрэн суух өвгөн Цэгмэдийн дотор сэтгэл нь дэнслэн дэвхцэж байлаа.Гэлээ гээд салхи залгин давхилтай биш хэнхдэг цээжинд нь баяр, гэрэл тусаж босож суумаар.
Морь ирлээ...морь гараад ирлээ... бараан морь байх шиг.Аль дурангаа...аль вэ хойшоо бол хойшоо бол...сумын хэсгийн төлөөлөгч улаан мод барьчихсан барианы зурхай руу гүйж яваа харагдана.
Хөлсийг нь харахлаар давхисан шиг...тэрнээс биш Орлом айл хэсч яваад ирсэн гэмээр зээрд морь ч амьсгаа ч үгүй л байх шив.Аргагүй л аварга морь юм даа...
Орломыг буугаад мориныхоо хөлсийг сэврээж байтал аман хүзүүний бор морь орж ирж байгааг нүднийхээ булангаар харав.Орлом эргэж хараад л завтай зугаатай явсан сан даанч тоос л гозойж харагдаад байснаас биш морьд нь харагдахгүй байсан даа.
Чанга яригчаар улсын наадмын их насны хурдан морьдын тухай ярьж байна.БНМАУ-ын манлай уяачийн хар хээр зүсмийн морь хол саахалтын дайны түрүүлэн ирж хурсан олон уясан эзнээ,унасан хүүхдээ баярлуулж баясгалаа...нэвтрүүлэгчийн цээл хоолой эгшиглэж сумын наадмын индэр доргиж байхад өвгөн уяачийн эрээн шанааг даган бүлээн нулимс гол горхи шиг урсан гарч,унаач бүлтэн бор хүү Орлом холыг мөрөөдөн санаж цээжиндээ инээмсэглэлтэй,“аварга зээрд” морь толгой хаялан ялаархаж зогсоно.Өвгөн уяач зээрд морио “ид” л хавтай байхад улсад ганц явж үзье байз хэмээн бодоод нэгдлийн дарга дээр хоёр ч удаа орж байж дээ.Уг нь миний зээрд морь чинь жигүүртэй юм шүү дээ хэмээн халаглан хэлснийг нь сумын төвийнхөн дэгсдүүлэн ярьцгааж Цэгмэд гуайн “жигүүртэн зээрд” гээд нэрлэчихэж билээ.
Олон жилийн хойно Орлом томоо залуу болоод гадаад оронд ажиллаж амьдарч байгаад Монголдоо ирэнгүүтээ л нутагтаа очиж “аварга,жигүүрт зээрд”-ийнхээ зөнөж үхснийг сонсоод харамсахдаа том том нулимс унагалсан аж. Хэрвээ Цэгмэд “ажаа”-д зав гарч улсад зээрдийг уралдуулсан сан бол лав аваргуудтай эн зэрэгцэх байсан даа хэмээн бодоход нялх багын дурсамжууд нь сэтгэл дотор нь амилж,зээрд морины гараанаас “айдаг” байснаа бодож инээмсэглэв. 2012 он Наадам дээр
М.Цэемаа
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khureltogoot-13.jpg Хэмжээс: 600x450 119k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4008
khuv5-037.JPG Хэмжээс: 600x800 180k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4014
mongolia2007year-043.JPG Хэмжээс: 600x450 166k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4622
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: