Бүгд: Э.Үржинханд : Нэхмэлчин Оруулсан Bataka Огноо: 2012-10-15 12:03:47 (7358 уншсан)
Шиврээ бороонд хотын шөнө хэрхэн ариусахыг
Шилний цаанаас ширтээд бодол нэхэнгээ ажина
Өргөн зам дээр багтаж ядсан машины цуваанаас
Өнгийн гэрэл, уйтгарт намар, шүхэртэй хүнээс
Ширхэг ширхэг утас ээрч, харцаараа нийтгээд
Шив шинэхэн, торгомсог мэдрэмж гаргаж авна
Амрагтаа тунисан зүрхэс замын хоёр талаар
Амьдрал дундуур ганц ганцаараа алхах нь жиндүү
Дахиад хэзээ ч уулзахгүй гэж хана хэрэм босгохдоо
Далдхан бодолдоо итгэлийн утас хайсаар үлдэнэ
Сэтгэшгүй ертөнцөд зөвхөн хайраар угаагдах толбыг
Сэрж мэдрэх ухаарлын дуслаар ариусгахсан
Сэрүүн тэнгэрээс, хүний орчлонгоос чухам юуг эрж
Сэмрэн сэмрэх үүл шиг нимгэрэн нимгэрсээр билээ
Мөрөөдөлдөө бүтээдэг аз жаргалаа чамд бэлэглэе
Мөрөнгийн ус шиг сэтгэлээ рашаан болгож өргөе
Мөнгөн утас, алтан саа аль аль нь хэрэггүй дээ
Миний урлаж буй өмсгөл сэтгэлийг тань дулаацуулаг ээ.
Э.Үржинханд
( Сэтгэгдэл бичих? | Бүгд | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2012-10-15 12:03:47 )
|
||||||