Өгүүллэг: Э.Үржинханд : Сэтгэлийн нүдээ нээ Оруулсан Bataka Огноо: 2012-10-25 17:44:59 (9112 уншсан)
Найз минь чи юунд үхлийг хүснэм. Нарны энэ хорвоод нарийхан мөчир дээр бээвийн шулганах орох гэргүй шувуу, эсвэл орон газраар хэсч будаа тарианы өөдөс түүж булан тохойд хоргодогч бор хулгана хүртэл хувь заяанаасаа уйдаагүй байхад хүндэт найз минь чи юунд хүний хорвоогоос уйднам бэ. Өрөөл олны дунд цаг хугацаагүй холхиж өөрийгөө битгий хуураач дээ. Инээх нь байтугай дуугарах ч тэнхэлгүй сульдах итгэл найдваргүйн ангалд унахыг алийг тэр гэх вэ. Гэлээ ч шүдээ зуугаад өвдөг дээрээ босоод л ирэх тэнхээтэй байх хэрэгтэй биш үү.
Ингэж хэлэх амархан л даа гэсэн харцаар над руу битгий зэмлэнгүй хараач. Өндрөөс жингүйдэн нислээ гээд шувуу болохгүй чинь үнэн, өөрийгөө егүүтгэлээ гээд зовлонгоос ангижрах эсэхийг чи байтугай бурхан ч үл мэдэх биз. Өглөө бүрийн наран цоо шинээр манддаг гэдгийг яахин мартаж болох билээ. Тэнгэрийн ийм гоё саруулхан өнгө цэвэр ариунаар сэтгэл зүрхийг чинь ариусгах гэж энэ орчлонг бүхэлд нь бүүвэйлэн аргаддаг юм шүү. Эрүүл чийрэг биеийг чинь эдүгээг хүртэл тэжээж тэтгэсэн ээж аав тань буруутай юу, эргэх тэнхлэг дээрээ чамайг дааж яваа эх дэлхий буруутай юу.
Сэргээч найз минь, сэтгэлийнхээ нүдийг нээгээч. Амраг хайрт чинь урвасан бол үүрдийн хайр биш, зуурдын салхи сэвэлзээд өнгөрчээ хэмээн үнэнийг эртхэн танисанд тооцоод үзээрэй. Атаа жөтөө, хов жив аль аль нь амьдралын сургаалийг хүүрнэгч үнэт нэгэн сургаалтан багш гэдгийг ухаараарай. Аливаа зүйлд гутарсандаа чи архинд автаж, адгийн муугаар хэлүүлж ч магад. Гагцхүү нартын амьдралаас харин "төгсгөл"-ийг л бүү хүсээч. Өнгөт энэ орчлонгоос өөрийн дураар буцахыг чинь үнэндээ би зөвшөөрч чадахгүй нь. Амьдралд бууж өгч, аргаа барсан үхлийг өөрөө дуудаж байгаа найз минь, чамд гомдсондоо хүмүүс танил явсандаа ч харамсах вий дээ. Орчлонгийн гоёмсог наран өглөө бүр чамд баяр хөөртэй шинэ амьдралыг бэлэглэж байдгийг санаж, алгаа тосоод хүлээж аваарай анд минь.
Э.Үржинханд
Нэгэн найздаа зориулав/
( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2012-10-25 17:44:59 )
|
||||||||||||