Шүлэг: Э.Үржинханд : Эхлэл шиг дурлал руу Оруулсан Bataka Огноо: 2012-12-26 15:11:57 (7933 уншсан)
Үрлэн дусал уруул дээр минь сэмхэн үнсэхэд
Сэрэх шиг
Ухаан бодлын шувуухай тэнгэрээс ч хол нисэх гэж
Жигүүрээ дэлгэх шиг
Үймэн бүжих салхи бэлхүүсээр зөөлөн тэврэхэд
Догдлох шиг
Үүргэлсэн нойр нэгэнтээ хулжаад сураг алдрах нь
Эхлэл шиг
Намиран дуслах намуухан шиврээ бүжгийн аяз шиг
Нандин үгээ шивнэх гээд амьсгаа дарах хэн нэгэн шиг
Надад ирсэн гунигийг орчлонгийн тоостой угаах шиг
Намилзан наадах бороо чи яруухан эхлэл шиг
Зүрхний гүнд хуралдсан үүлс тэнгэртээ
Багтаж ядан байсан юм
Зөөлөн шиврэх чамтай хөтлөлцөөд
Холын хол гүйхэд сайхан байна
Зөндөө ихээр, бүр асгартал хамтдаа уйлчихаад
Зүүсгэл гоёл, өмссөн хувцасгүй нүцгэн үнэнээрээ
Зүүд, эсвэл мөрөөдөлд чинь чамтай уулзахаар
Зөөлөн зөөлөн алхаад очиж явна
Яг л “Эхлэл” шиг шив шинэхэн дурлал руу, би
Э.Үржинханд
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2012-12-26 15:11:57 )
|
||