Шүлэг: Э.Үржинханд : Хайрын тухай цээлхэн дуугаар Оруулсан Bataka Огноо: 2013-02-14 13:15:32 (8175 уншсан)
Хамтдаа аялсан дуу маань шувуудын жиргээтэй замхарсан
Хөтлөлцөөд алхсан өдрүүд минь алсын тэртээд үлдсэн
Хайрт минь чи бид хоёр амьдралаас хол хоцорсон
Хайрын гэгээн мөртүүд л дэвтэр дээр минь үлдсэн
Цугтаа мөрөөдсөн мөрөөдөл үүлэн нүүдэлд дайгдсан
Зүүдээ ярьдаг мөчүүд минь ноднингийн дурсамж болсон
Зуурдын бүхнээс зугтаж явсаар чамдаа би итгэсэн ч
Зуны цэцэг шиг настай ахархан дурлалтай мөргөлдсөн
Дассан хайрласан минь далайн зах шиг алсарсан ч
Даруухнаар чамайгаа нүүдлийн шувуудтай үдсэн
Дахиад л цагийн давалгаанд өөртэйгөө ярилцсан
Ахиад алдахгүй юм шүү гэж ариун алдаагаа ухаарсан
Хосууд дэргэдүүр зөрөхдөө инээд цалгиулаад одлоо
Хорвоо юутай сайхан, яруухан аялгуу цацруулна вэ
Хаа нэгтээ учрах л гэж төөрч яваа сондгой зүрхэс минь
Хайрын тухай цээлхэн дуугаар энэ л өдрийг мялаагаарай
Э.Үржинханд
2013.02.14
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2013-02-14 13:15:32 )
|
||