Цасан шамрага үе үе харанхуйлахад гудамжны үзүүрийн мод нь энд тэндээсээ алга болж, яйжийж бараг нурахаа шахсан эзэнгүй хашааны гадна энгэрээ хумин барьж даарсан шинжтэй дагжин зогсох дөч дөхүү насны ядранги шарангуй царайтай халамцуу байрын хар хүн ул нь ханзарсан гутлынхаа хоншоорыг гунигтай ширтэн зогсоно.
Өвлийн оройн намуухны дунд хааяа,хаа нэгтээ нохой хуцахаас өөр чимээ ч үгүй
Сарны бүүдгэр гэгээ цасны цагаахан илтсүүдэд уусан бүрхэг өдрөөс ч цайруу.Цас чихруулан нааш цааш холхих Галхүү хаашаа явах,хэнийх рүү очихсон.Аймгийн төвийн цөөн хэдэн хүмүүс бүгд л түүнээс нүүр буруулна.Үнэндээ ч тэр тэднийг хашраахын дээдээр хашраасан даа....Бүүр түүрхэн будантуулан санагалзах...
Өнгөрч одсон он жилүүдийг санах гээд оролдоод ,оролдоод ядна.
Цэргээс бага дарга цолтой халагдсан, курсс төгсөж цагдаагийн ахлагч мөрдсөө гялалзуулан ээжийнхээ ажил дээр очиж байсан нь саяхан.
Ээж нь гараа тогоочийнхоо хормогчоор арчин нүдээ гялалзуулан царай нь гийгээд духыг үнэрлэн...овоо доо миний хүү...хэмээнэ.Овоохон хүү нь цаашдаа яасныг идэр гурван есийн хүйтэн тачигнасан энэ шөнө санах завтай сан уу.
Цав цагаан манан уулсын энгэр биеэр ханаран бууж,нам гүмхэн.
Санахын санагдахыг чухам л хичээж буй шиг ээ...
...Ганцын яргачин Галаа чи эхээс төрсөн үү эрэгнээс гарсан уу.Ээ...элий халаг даа би чинь хүний ганц хүү юм шүү дээ.Орчлон нэг л өдөр хөмөрдөгийг мэдсэн ч мэдэхгүй эрх танхай явлаа.Ядарсан эхээ өргөж ачлаагүй гэлээ ч сүүлчийн замд нь үдэж сүнсийг нь амирлуулах гэсэн юм сан даа...ээ...элий халаг...нулимс шүлсээрээ зууран зууранхайтан орилох ялтан Энхээг яагаад би санаваа...
Ишш... муу хүү минь яасан их даараа вэ...ээжийнх нь дуу үүлсийн завсраас гарах шиг...Цэв цэнхэр саран цавцайх цасан дээгүүр манаран ханаран бууж ахуйл.Долоон бурхан одод тэнгэрийн баруун дээр ханаранхан.
Хүүхэд нялхын дассан Лансын мухар тахир гудамжнаа Галаа зогссоор.Идэр есийн хүйтэн Зуунмодны голын жавартай холилдон эргэн тойрныг цагаан хэлээрээ долоон долоон цардан цавцайлгаж хүйтний эрч тачигнасаар ч Галаа ер даарахгүй байх чинь.Тэртээ дээр азын цолмон одод жаргалтай анивалзан,өвлийн хүйтэн агаар сэнгэнэн үнэртэнэ.
Цагдаагийн залуухан дарга Жаргал аймгийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт үхэл амьдралтай өрсөлдөн цаг мөчийг тэсвэрлэн өнгөрөөх амьдралын нэг хэсэг...Галаа жижүүрээс буугаад эмнэлэг рүү явлаа.Тэр саяхан төрсөн охин эхнэр хоёр руугаа биш даргынхаа амийг аварч “цусаа өгөх”-өөр алхаж явна.Галхүү “хүндэт донор” билээ.
Жаргал хөл дээрээ бослоо.Өвдөж зовоод ажил ихээ цалгардсан санагдаж “хууль ёсоор” хуулиа сахиулж ажлаа хийлээ.Хоцрогдсон боловсролгүй ахлагч нарыг толгой дараалан ажлаас халж тэтгэвэрт нь гаргаж “маш сайн ажиллаа”.
Галхүү ажлаасаа халагдаж “архины ажил”-д урилга заллагагүй шуударлаа.Хийж байсан ажил,хэлж байсан үг нь өнөөдөр түүний хүзүүгээр ороон чирсээр...
Жаргалын судсаар Галаагийн амь урсаж байгаа даа.
Сиймхий үүлсийн завсраар өвлийн цонхигор цагаан саран чимээгүйхэн шагайх нь ...хэний ч мэдэхгүй мэдэмгүй хар хар...ангуй...тийшээ...
Цав цагаахан нөмрөг дэрвүүлэн бүжих шинэ жилийн “цагаан бүжиг”-ийн охид бүжин өнгөрөх,цолмон өнгөлөг оддын дор амьд явах ...ай амьдарч явах...Хөлийнх нь үзүүр чим чимхийж байснаа халуу дүүгээд явчих чинь...
Ээжийгээ даган “тойрдог дэлгүүр”-ээс үзэмтэй үрэл авч идэхээр гүйж явсанаа...
Сарны сиймгэр бүүдгэр гэгээн дээгүүр “эвийдээ миний муу хүү их даарч,ядарч ирэв үү дээ...хэзээ хэзээнийх дээ хоёргүй халуухан сэтгэл өлгийдэн авах шиг ээ...
Лансын гудамжинд хүн осгож осолджээ...цагдаагийн жижүүрийн тэмдэглэл.
Азын хэмээн домоглон шившдэг долоон бурхан одод Галхүүгийн галгүй болсон мэлмий дээр өеөдөж хоносныг хэн мэдэх сэн
2013 он М.ЦЭЕМАА
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor030.jpg Хэмжээс: 600x680 146k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5115
khureltogoot-23.jpg Хэмжээс: 600x450 117k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3897
erd-028.JPG Хэмжээс: 600x450 87k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4070
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: