Шижир алтан наран улбар өнгөөр гэрэлтээд шив шинэхэн өдрийг ертөнцөд бэлэглэхээр өглөөний тунгалаг агаар нэвтэлж сацран цацарсаар айсуй. Шаргалтан гийх гайхамшигт цацраг нь алгуурхан доошилсоор орчлонгийн юуг ч болов эс ялган дулаацуулах агаад их хотын нэгээхэн байрны таван давхрын цонхоор үнэгчлэн нойрсох өхөөрдөм хөөрхөн Анирхүүгийн нүүрэн дээр гялбан тусав. Урьд шөнөжин усан нүдэлж, туйлдаж ядарсандаа хөнжлөө ч нөмрөлгүй нойрондоо дийлдсэн тэрээр наранд нүд нь гялбахад сая арай ядан сэрлээ. Араа шүд нь арзайсан аймшигт араатанд хөөгдөж, тэгснээ түүнээс зугтаж гүйхдээ бүдэрч, унаж тусан шавар шалбааг туучиж явсаар эцэст нь аврагдаад, нэг мэдэхнээ ээж, аавтайгаа хөтлөлцөж явна гэж хөл толгой нь олдохгүй будилсан зүүднээсээ сэрэхдээ хуруу нь хөндүүрлэж буйг мэдэрлээ.
Бачимдсандаа хичнээн оролдсон ч цонхоо онгойлгож дийлэлгүй дэмий л хуруугаа шалбалж орхисон нь тэр аж. Нүдээ нухлан өрөөнөөсөө гарч ирэхэд ханын цаг чаг чаг дуугарч, Тэргэлийн утсаар ярингаа үе үе чангаар инээх чимээнд дарагдана. Төдөлгүй торгомсог гэрийн халаадны хормой намируулсаар Тэргэл гарч ирээд: -Өө, Анираа, босчихсон уу? Гал зуухны өрөөний ширээн дээр мөнгө орхисон байгаа, чи гараад талх аваад ир гэв. Гадагшаа гарна гэдэг Анирын хувьд ямагт баярт мөч байдаг тул хурдхан гарахад бэлдлээ. Гадаа анхны цасан ширхэгс өглөөн нарны туяанд алтан мөнгөн илтэс адил гялбаж, алгуурхан хаялан бүжиглэж байв. Намар цагийн налгар өдрүүд ард үлдэж, зөөлөн цасан хаялсан өвлийн улирал ирж буй нь энэ. Хүү амьсгалах тоолонд амнаасаа гарах уурнаас үүсэх хэлбэрийг ажиглангаа байрныхаа ойролцоох дэлгүүр лүү алхаж явлаа. Тийнхүү явж байтал ээжтэй нь адилхан хүн дэлгүүрийн цаад талаар булан тойроод явчихав. Анирхүү нүдэндээ итгэж ядан зогтуссанаа араас нь гүйлээ. Гүйсээр байгаад булан тойрч харвал яахын аргагүй ээжтэй нь үнэхээр ижилхэн хүн цаашилсаар алхаж явна. Барааг нь алдахгүйн тулд хойноос нь хурдан хурдан алхаж явтал тэрээр утсаар ярьж эхэллээ. Юу ярьж буйг нь мэдэхгүй ч гэлээ утсаараа ярьж дуустал нь дагая, тэгээд дуусмагц нь хурдхан очъё гэж бодоод дагалаа. Урт цагаан пальто, өсгийтэй гутал өмсөж, том ноосон ороолт хүзүүгээрээ ороогоод, цүнхээ мөрөндөө үүрч намбайтал алхаж яваа нь ээжтэй нь ижилхэн гэж аргагүй. Яван явсаар хоёр ч байрны хажуугаар хөндлөн гарч, дараа нь засмал замын дагуу нэгэн машин ирж зогсоход хүүе гэхийн зуургүй суугаад явчихлаа. Анирхүү ээжтэйгээ уулзаж чадалгүй, тэр байтугай царайг нь ч харж чадалгүй хоцорсондоо туйлын ихээр шаналж, гуниг дүүрэн буцав. Үнэндээ яг мөн эсэхийг нь ч мэдэхгүй хэрнээ мөн байгаасай гэх эцэсгүй горьдлого төрнө. Тийнхүү бяцхан зүрх нь гунигт автан бодолд дарагдаж явахдаа атгасан мөнгөө булангаас нь хэмлэн үртэс шиг жижиг жижиг хэсэг болгож ураад замын турш цувуулан явсаар яах гэж гадагшаа гарснаа ч мартан гэртээ орлоо. Урвайсан юм орж ирэхэд гайхсан Тэргэл түүнийг хараад:-Хүүе, үгүй чи чинь талхаа яасан бэ? гэвэл:-Айн? гээд нүдээ бүлтийлгэн сая нойрноос сэрж буй хүн шиг халаасаа тэмтэрч үзтэл юу ч байдаггүй. Тэргэл аашилж загнан үглэж гарав. Тэгж байснаа: - Муу хүнийг зарж, зарсан хойноо өр гэж, өөрөө л гарахаас хэмээн үглэсээр гадуур хувцсаа өмсөж, хаалга тасхийтэл хаагаад одлоо. Өдөр бүр ийнхүү аашлахыг нь тэвчсээр сүүлдээ дөжирсөн Анирхүү сэвхийтэл хаагдах үүдний ард торойгоод гэмшингүйхэн хоцорлоо. Ээжийнхээ барааг харахсан гэхээс хүүгийн бүхий л бодол санаа өөрчлөгдөж эхлэв. Чингээд хурдхан очоод цонхоор харвал аз болоход мөнөөх дэлгүүрийн булан харагдана. Сав л хийвэл тэр буланг ажиглан ээж нь ойрхон байгаа мэт, юу юугүй гарч очоод уулзах гэж буй мэт догдлол дотроос нь ундрахад биеийг нь баяр хөөр эзэмдэх шиг. Бас ч, хэрэв ээж биш бол...?, үгүй ээ, хэрвээ мөн бол яагаад гэртээ ирэхгүй байх билээ, Тэргэлээс л болж байгаа юм гэсэн элдэв янзын бодолд ээрэгдсээр хэд хоногийг үдлээ.
Тэр нэгэн өглөө аав нь хэдийнээ ажилдаа явсан байв. Харин Тэргэл торгомсог халаад өмсөж, үсээ алчуураар ороогоод толины өмнө нүүр амаа будаж сууна. Чингээд өрөөнөөсөө хөл нүцгэн гарч ирсэн Анирхүүг хармагц: - За босчихов уу, яасан их ногоордог юм бэ, чи чинь! гээд амаа хагас ангайн нүдээ будаж суугаа Тэргэлийг үл ойшоон шууд л гал тогооны өрөө рүү зүглэв. -Хүүе, Анираа. Чихгүй толгойлчихоод наад гар нүүрээ угаачихаад идэж уудаггүй юм уу айн! гээд хэсэг чимээгүй болов. Анирхүү гал тогооны өрөөний ширээн дээрх жимсний ундаанаас залгилчихаад амаа арчин буцаж явтал: -Анираа, хувцсаа өмс. Хоёулаа гадагшаа гарна, за юу гэх нь тэр. Чихэндээ итгэж ядсан хүү гайхан зогтусч Тэргэл рүү бүлтийн харахад:-Юугаа хараа вэ, хурдан хувцсаа өмс. Хоёулаа хамт гарая за гээд будаг шунхаа цэгцлэнгээ толгойгоо дохив. Хүүгийн царайд баярын инээмсэглэл тодорч - Гадаа гарна, гадаа гарах нь байна ш дээ гэж өөрийн эрхгүй догдлов. Түр зуур ч гэсэн гадагшаа гарч л байвал хаачих нь түүнд огт сонин биш хойно. Нүдэнд нь мөнөөх дэлгүүрийн булан, ээж нь харагдах шиг болж баярласандаа бушуухан нүүрээ угаагаад яаран хувцаслав. Тэргэл хамгийн сүүлийн үеийн гоёмсог утасныхаа дэлгэцийг илж, хөгжилтэй гэгч нь инээж байснаа хэдийнээ гадуур хувцсаа өмсчихөөд түүнийг хүлээж зогсох Анирхүүг сая олж харлаа. Тэгснээ хөмсгөө зангидан: - Үгүй ерөө, чи чинь бас ийм хурдан хөдөлж чаддаг л юм байна шдээ. Тэр ор дэрээ хураасан уу айн? гэж чанга дуугаар асуухад Анирхүү хүлцэнгүйхэн толгой дохив. Харин Тэргэл утасныхаа дэлгэцийг илж Сонорын дүрст дуудлагыг хүлээж авлаа. Сонор: -Байна уу, за та хоёр минь гарахад бэлэн үү? гэхэд Тэргэл инээмсэглэн хүүг утасныхаа дэлгэцээр харууллаа. - Хүүе, аавын хүү чинь хувцсаа өмсчихсөн байна шдээ. Сайн хүүхэд шүү. За Тэргэл эгчтэйгээ хамт хүрээд ирээрэй гэж байна. Аавынхаа машинд суулгүй хичнээн удсаныг бүү мэд. Урд талын зөөлөн дулаан суудал дээр суугаад хамгаалалтын бүсээ зүүхэд хичнээн сайхан санагдсан гэх вэ. Харин хүүг айлд хүргэж өгөхөөр шийдэж, хувцас хунарыг нь хэдийнээ бэлтгэж чемоданд хийгээд арын суудал дээр тавьсан байсныг тэрээр яахин мэдэх билээ. Тэд явсаар аавынх нь ажлын газрын үүдэнд ирлээ. Сонор ажлаасаа яаран гарч ирээд тэд хамтдаа ойролцоох тансаг зоогийн газарт өдрийн зоог барив. Үргэлж ажилтай завгүй байдаг аав нь ямар нэг онцгой үйл явдал тэмдэглэж буй мэт тийм сайхан газарт хамтдаа ороод л, тэр хоёр энгийн өдрүүдийнхээс нэг л өөр байв. Анирхүү энэ л үед ээжийгээ улам ч ихээр санаж суулаа. Хаа нэгтээ ойрхон явж байх юм шиг санагдаж харцаараа хайна. Тэгээд Тэргэлийн оронд ээж нь суугаад аманд нь хоол халбагадаж өгч байна хэмээн мөрөөдөж байтал Сонор хоолой засаж амтат бодлыг нь сарниаж орхив. Тэгснээ царайгаа төв болгож:-За миний хүү, аав нь Тэргэл эгчтэй нь хамт хол явах ажилтай болсон. Тэгэхээр миний хүү өнөөдрөөс эхэлж хэсэг хугацаанд айлд байх хэрэгтэй боллоо, чадна биз дээ гэх нь тэр.
"Хэзээ ч оройтохгүй" туужийн номноос
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khuv5-032.JPG Хэмжээс: 600x450 79k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4470
ubr-003.JPG Хэмжээс: 1280x960 628k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4323
mongolia2007year-167.JPG Хэмжээс: 600x450 102k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3877
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: