Өмнө нь зурагтаар, эсвэл цахим ертөнцөөс л харж байснаас биш, бодит амьдрал дээр өөрийн нүдээр огт харж байгаагүй өндөр сүрлэг байшин барилга сүндэрлэсэн харийн хотын гудамж талбай. Замын хажуугийн таримал моддын мөчир дээр, ер хаа сайгүй чимэг болгож өлгөсөн тоостой тоосгүй, хагарсан хагараагүй, хуучин шинэ улаан дэнлүүнүүд. Бараг л онгорхой орц хаалга болгоны нэг давхрын цонхоор зарж худалдаалж буй эд зүйлс нь нэвт харагдах төрөл бүрийн дэлгүүрүүд, жижигхэн хүнсний мухлаг гээд л наймаа худалдаа цэцэглэн байх энэ газрын байдлыг хүний халаас нэгжих гэсэн мэт хаа сайгүй, чухам юу л бол юу хамаагүй зарж худалдаж буй зураглалаас нь бэлхэн харж болохуйц.
Тийм нэгэн тунгалаг шилэн цонхны өмнүүр дааж ядсан том үүргэвч үүрч, гартаа түүнээс ч том тээш чирэн түүртсээр үл таних нийслэлд эс ойлгох хэлээр хоорондоо чухам хэрэлдэж хэлцэхийн алин болох нь мэдэгдэхгүй чанга чанга ярилцаж зөрөлдөх олны дундуур аян замдаа багагүй алжаасан Энэрэл алхаж явна.
Хэдийнээ сэрүү орсон байх учиртай харьж яваа намар цаг гэхэд бүгчим агаад манантаж дуниартсан агаар нь нозоором халуунаар тэвэрч магнайн хөлс бурзайлгаад улам ч их ядраана. Эх орноо орхиж алсын замд гарахаасаа хэдхэн хоногийн өмнө танилцсан монгол залуус зам нийлэн очих газраа хайж явна. Бүгд л анх удаа ирж байгаа бөгөөд гагцхүү цаасан дээрх хаягаар баримжаалан газарчилж яваа нь энэ. Нэгэн цагт өвөг дээдэс минь дайн тулааны үед их цэргээ амрааж алжаал юугаа тайлдаг байсан гэх, эрт цагт нүүдэлчин түмэн минь энд идээшин нутагшиж, тэр ч байтугай Алтан улсын их дайны үед хүртэл аргагүй эвдэгдэн сүйрч их зовлон туулсан гэхэд итгэхийн аргагүй шинэ цаг үеийн хөгжингүй нийслэлийн дүр төрх тосон угтлаа.Цаг хугацааны аясаар юм бүхэн өөрчөгдөх нь ийн буюу. Телевизээс харж байхад Өвөр монголчууд гэж монгол дээлтэй монгол хүмүүс л гараад байдаг. Харин гудамж талбайд ганц ч монгол дээлтэй хүн байтугай, монгол хэлтэй хүн тааралдсангүй. Хүний нутагт анх удаа хөл тавьж буй залуус төөрч будилж явсаар зорьсон газраа очоод эхнээсээ тэндээ үлдэцгээж, Энэрэл хамгийн сүүлд замын туршид цуг явсан нэгэн бүсгүйтэй хамт хөлсний тэрэгнээс буусан юм. Сургуулийн жижүүр багш гэж намуун зөөлөн дуутай намхан нуруутай, цайвар царайтай цангинасан дуутай инээд алдсан эмэгтэй угтлаа. Энд ирээд тааралдсан анхны монгол хэлтэй хүн. Шинэ оюутнуудыг хүлээн авч, өрөө байрыг нь хуваарилж өгөх ажил хариуцсан энэ багш ярихдаа бараг өгүүлбэр болгонд хятад үг хольж хутгах нь ойлгоход төдийлэн амаргүй. Гэвч хөлсний тэрэгний хятад жолоочтой ойлголцох гэж хэл ус нэвтрэлцэхгүй будилж явснаас хамаагүй дээр байлаа. Ингээд хуваарилж өгсөн өрөөнд ачаа тээшээ чирсээр орвол үл таних үнэр ханхийтэл хамар цоргиж, шар царайтай, шаргал үстэй орос охин усан цэнхэр нүдээрээ гайхсаар инээмсэглэн угтав. Хэн хэнийгээ үл ойлгох боловч нүүрний хувирал, дохио зангаа гээд л ур авьяасаа ухан байж ойлголцлоо. Чингээд хагас сар хүлээсний эцэст сая хичээл эхлэв. Энэ хагас сар бол шинэ, хуучин оюутнууд бүгд өөр өөр газар орноос сургуульдаа цуглан ирж, өрөө өрөөндөө тохижин, хоорондоо ч танилцаж, орчин тойронтойгоо танилцан хичээлийн хуваариас авахуулаад бүх зүйл жигдрэхэд хүрэлцэхүйц хугацаа. Энэрэл хором мөч бүрийд хүүгээ санаж бэтгэрнэ. Өдөрт заавал утсаар ярьж, дүрст дуудлага хийнэ. Өмнөөс угтаж буй чилийсэн олон сар жилүүдийг яажшуухан туулна даа хэмээн зүрхшээх ч гэлээ нэгэнт өмнөө тавьсан зорилго, сурч мэдэхийн төлөөх хүсэл тэмүүлэл нь сэтгэл аргадна. Ханиа, хүүгээ санаж, сэтгэл хоргодон тавгүйрэхэд “Хэрэггүй ч хань ижил, үр хүүхдээ орхиод хүний газар гүний нутагт ирэв үү дээ” гэж хааяа эргэлзэх тохиолдол цөөнгүй ч гэлээ галт тэрэгний өртөөнд гаргаж өгөхдөө: - Миний охин хүний газар биеэ бодож яваарай гэсэн ээжийн хайр халамж шингэсэн дулаан үг, - Чи минь ямар шийтгэлд явж байгаа биш, эрдэм сурах гэж яваа хүн шүү дээ, хүү бид хоёр алзахгүй ээ, тайвшир гээд Сонорын зоригжуулан тэвэрч байсныг. - Заа, битгий тэгээд олны дунд орчихоод урвайгаад байгаарай, за юу. Хүүеээ, уйлах гээд байна уу даа гээд хөгжилтэй инээмсэглэн аргадаж зогссон дотны найз Тэргэл гээд л хайртай дотны хүмүүсийнхээ халуун сэтгэлийн үгийг эргэж санахуйд сая урам зориг орно. Гурван сарын дараа гэхэд Энэрэл амьдарч буй орчин, сургуулийнхаа эргэн тойрон, залуусын хотхонтойгоо танилцаж, хичээл номондоо анхааран хүүгээ санах бэтгэрэл нь анх ирж байснаа бодвол арай дээрджээ. Өхөөрдөм хөөрхөн Анирхүү хичнээн хайр хүрэм билээ. Ээжийгээ санаад уйлж байгаа байхдаа гэхээс өр нь өмрөх шиг болно. Тийнхүү санааширч, үзгээ имрэнгээ бодолд автаад Хөххотын хөхөлбөр тэнгэрийг ширтэн суутал гар утсанд нь дуут шуудан ирлээ. -Ханиа, чатдаа ороод ир. Ярих юм байна, хурдлаарай гэжээ.Энэрэл даруй ухасхийн босож гар компьютерээ асаагаад цахим хаягаараа орох гэтэл алдаа зааж, ахин дахин нууц дугаараа бичсэн ч нэвтэрч болохгүй нэлээд удлаа. Сонор ямагт хичээлийн бус цагаар залгадаг ба хэлсэн даруйд нь холбогдохгүй бол хардаж, бөөн асуудал үүсдэг тул: - Одоохон орлоо, түр хүлээгээрэй хань минь гэсэн дуут шуудан илгээгээд дахин нууц дугаараа оруулж байтал Катя түлхүүр шаржигнуулсаар хаалга нээн орж ирэв. Дасал болоогүй энэ гадаад зүс царай цаг хугацааны эрхээр ойр дотно санагдах болж эхэлсэн билээ. Тэд хоорондоо хятад хэлээр ойлголцдог болж, хааяа монголоор, заримдаа оросоор, тэр ч байтугай англи хэлээр ганц хоёр өгүүлбэр солилцон бие биеэсээ суралцах нь сонирхолтойн дээр уйтгар гуниг, ганихарсан бодлыг үргээж, сурахад урам дэм болдог билээ. Катя хөөрхөн цэнхэр нүдээрээ инээмсэглээд: - Оройн мэнд Ээнээ - Катя, оройн мэнд. - Оройн хоолоо идсэн үү? - Идээгүй ээ, харин чи? - Амжаагүй л явна. Хоёулаа оюутны хоолны газар руу очих уу? - Тэгье тэгье, Харин интернэтэд орох гэсэн, нэвтэрдэггүй ээ. Чи өөрийнхөө нууц дугаарыг хийгээд шалгаад үзээч гэхэд найрсагхан Катя даруй компьютерээ асааж шалгахад бас л нэвтэрч чадсангүй. Ингээд хөрш өрөөнийхөө оюутнуудаас асууж сураглатал мөн л болсонгүй. Тэгтэл жижүүр багш: - Дотуур байранд сүлжээ ашиглалтын хүчин чадлыг сайжруулж, нэмэлт шугам оруулж байгаа учраас хоёр хоногийн турш хязгаарлах болсон гэж хэлэх нь тэр. Үргэлжлэл бий
"Хэзээ ч оройтохгүй" туужийн номноос
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-236.JPG Хэмжээс: 600x450 158k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3914
mongolia2007year-196.JPG Хэмжээс: 600x450 55k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3872
mongolia2007year-130.JPG Хэмжээс: 600x450 109k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4054
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: