- Ээж ээ, хурдан ирээрэй, ээждээ зөндөө хайртай. Би чинь одоо том хүн болсон юм чинь таныг иртэл уйлахгүй ээ гэж хэвлүүхэн хэлээд хөгжилтэй инээмсэглэж бяцхан гараараа далласаар үлдсэн хүүгээ зүрхний гүнээс шимшрэн шимшрэн санана. - Бид хоёрт санаа зоволтгүй ээ гэж найрсагхан хэлээд тэврэн үнссэн Сонор, - Хүүг чинь сайн харна аа, найдаж болно шүү хэмээн далласаар үлдсэн Тэргэл нарыг бодонгоо галт тэрэгний аясаар ганхан үүрэглэж явтал гэнэт: - За сайн явж байна уу, бүсгүй гээд мөрөн дээр нь хөнгөн алгадахад гайхан харвал газарзүйн ангийн оюутан Сансармаа цаасан аягатайгаа асгахаас болгоомжлон нэг гараараа галт тэрэгний хоёр давхрын ор түшээд инээмсэглэн зогсоно.
- Өө, сайн уу Сансармаа. Сайн явж байна уу, наашаа суу л даа гээд уриалгахан угтлаа. Замын хүнсээ задалж чанасан мах, самар, талх хиам зэргээр дайлаад амралтаа хэрхэн өнгөрүүлсэн тухай сонин сайхнаа хуваалцаж эхлэхэд сонин гарчиглаж суусан зорчигч зөрөн гарч явлаа. Тэд оюутны байрны хоёр давхарт зэрэгцээ өрөөнд байдаг билээ. Сансармаа чихэр задлан амандаа хийгээд цаасыг нь имрэнгээ тоомжиргүйхэн: - Манай ангийнхан тэнд хөзөрдөөд, намайг тоох хүн алга өө. Түрүүн чамайг энд орохыг харсан юм. Тэгээд л зорьж ирлээ. Амралтаар ёстой хийх юм олдохгүй утгагүй байлаа. Ашгүй нэг “адал явдалт амьдрал” руугаа очих цаг ирлээ дээ. Ингэхэд чи хэнтэй явж байгаа юм, хэр их ачаатай юм бэ гэв. - Би ч ганцаараа явж байна л даа, манай ангийнхан аль эрт түрүүлээд явчихсан. Гэрт жаахан ажил гараад тэднээсээ хоцорчихлоо. Ачаа юу, гайгүй ээ. Яасан? гэвэл Сансармаа нүдээ бүлтийлгэн орон доогуур, дээгүүр сайтар харснаа: - Чиний тээш аль вэ, миний ганц ачааг түр хажуудаа авчих тэгэх үү, найз нь буухдаа авчихъя. Тэнд олон хүн яваа болохоор ачаа тээш чихэлдээд зай байдаггүй ээ гэв. Энэрэл даруй зөвшөөрч, тэрээр төдөлгүй том үүргэвчтэй зүйл авчраад дээд талын тавцан дээр дааж ядан өргөж тавьлаа. Чингээд сая нэг санаа амарсан байдалтай зэрэгцэн суугаад: - За ёстой их баярлалаа. Энэрэлээ, ингэхэд чамайг гаргаж өгч байсан тэр хүмүүс танай гэрийхэн үү гэв. - Тийм ээ, манай гэрийнхэн гэвэл инээмсэглэн: - Хөөх, чи чинь тэгвэл том хүүтэй юм байна шдээ. Хэдэн настай вэ? - Хэхэ, Таван настай гэж аядуухан хариулав. - Ммм, ёстой хөөрхөн хүү байна лээ шүү. Тэгэхээр тэр залуу чиний нөхөр байх нь ээ, харин хажууд нь байсан тэр эмэгтэй чинь юун хүн бэ? гээд л хэрэгт дурлаж гарахад Энэрэл: - За, чи чинь ёстой шалгааж өгч байна даа гээд хөгжилтэй инээмсэглэв. - Хэхэ, үгүй яах вэ. За за, чи ярих дургүй бол хамаа алга. Надад ч ямар хамаа байх вэ. Тэр хүүхэн харин миний таньдаг хүн байгаа юм, тэгээд л... гээд яриа эвлээгүйд дургүйцсэн бололтой дуугаа хурааж, дэмий л ширээн дээрх самарнаас нэг атгаж авлаа. - Аан, миний найз байгаа юм аа, чи яаж таньдаг юм гэвэл: - Тийм үү? гээд нүдээ томруулснаа: - Ингэхэд чи яаж яваад тийм хүүхэнтэй найзалчихдаг байна даа гэснээ тийм гэхийн тэмдэггүй хачин инээмсэглэв. Энэрэл гайхан: - Наадах чинь юу гэсэн үг вэ? гэвэл: - За за, би суудал руугаа явлаа. Аан тийм, чи ингэхэд тэр найздаа нөхрөө алдчихав даа гэх нь тэр. Энэрэлд энэ үг цохиод авснаас ч дор туслаа. Тэгээд үг хэлэхээр өндөлзтөл: - За за, сайхан амраарай гээд эргэж ч харалгүй гараад явчих нь тэр. Галт тэрэг түчигнэсээр. Хилийн дээсэн дээрх шинэхэн өглөөний наран алс замд яваа зорчигчдыг үдэж өгөх мэт галт тэрэгний цонхоор шаргал цацрагаараа гийгүүлэн туслаа. - Суудал суудалдаа бичиг баримтаа бэлдээд сууж байгаарай гэж галт тэрэгний шалгалтынхан захирангуй тушаана. Монголын гаалийн шалгалт явж дуусав. Төдөлгүй хятадын талын гаалийн хяналт шалгалтынхан Энэрэлийн өрөөнд орж ирлээ. Зорчигчдын ачаа тээшийг нэг бүрчлэн шалгасаар дээд давхарт цүндийж харагдах Сансармаагийн үүргэвч рүү заах нь тэр. - Тэр хэний ачаа вэ? - Минийх гэж Энэрэл өөртөө итгэлгүй сулхан хариулав. - Онгойлгоод үзүүл дээ гэхэд хяналт шалгалтын нэг ажилтан шалмаг гэгч нь дээш авираад үүргэвчийг буулгаж задаллаа. Цахилгааныг татан нээмэгц гялгар ууттай зүйлсийг шаржигнуулан гаргаж ирэхэд уруулын будаг, үсний тос, үнэртэй ус, ингэсэг зэрэг гоо сайхны бараанууд гарч ирлээ. - Ийм олныг авч явж яах гэж байгаа юм гэж хянагч гартаа барьсан үзгээрээ зааж асуухад: - Юу..., юу л даа. Хүн захисан юм гэж сандарч буйгаа аль болох нуун байж хариулбал: - Нэг төрлийн бараанаас ийм олныг авч явж болохгүй. Бас түүхий мах хилээр гаргах хориотойг мэдэхгүй юу? Энэ ачааг чинь хураалаа гэх нь тэр. Энэрэл сандран: - Үгүй ээ, За байз, түр хүлээгээрэй. Би захисан хүн рүү нь залгаадхая гээд нүүр нь халуу дүүгэн улайж, Сансармаа руу залгах гэтэл утасны дугаар нь байдаггүй ээ. Хянагч: - За яах вэ, энэ удаад зөвхөн махыг, мөн барааны талыг хураалаа. Харин та үлдсэн бараанууддаа төлбөр төлөөрэй гээд торгуулийн хуудас бичиж өгөв. Энэрэл аргагүйн эрхэнд байгаа бүгдээ өгч, халаасандаа хэдхэн задгай юаньтай үлдлээ. Галт тэрэг хурдалсаар. Үдийн наран цонхоор тусах үеэр Сансармаа юу ч болоогүй юм шиг хэнэггүйхэн орж ирээд: - За, сайхан амарсан уу гэж инээмсэглэхтэй нь зэрэгцэн хятад үйлчлэгч чангаар хашгиран ойр зуурын хүнсний зүйл зарж буйгаа зарлаж, элдэв янзын зүйл сагсайтал нь ачсан жижиг тэргээ түрсээр ирлээ. Тэд нэг нэг савтай бэлэн гоймон худалдаж авав. Чингээд Энэрэл ачааг нь хураалгаснаа хэлэх гэж халгаж ядан байтал тэрээр хэрхэн хөзөрдөж, яаж хожиж, хожигдсоноо ам хуурайгүй ярьж, тэгснээ ангийн хэн хэн, яасан ийсэн тухай эх адаг нь олдохгүй элдэв зүйл сонирхуулан ярьснаар арай гэж гоймонгоо идэж дуусгалаа. Чингээд сая гэнэт санасан бололтой. Хяналт шалгалт, ачаа тээшний тухай яриа эхлүүлэхэд Энэрэлийн дотор палхийгээд явчихав. Үргэлжлэл бий
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-004.JPG Хэмжээс: 600x450 118k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4921
uvl-025.JPG Хэмжээс: 600x450 112k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5115
khuv5-012.JPG Хэмжээс: 600x450 65k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3749
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: