Цастай өвлийн үдэш ахынхаа тэргийг унаад булган сортой ганган захнаасаа цухалзаж ядан машины жижиг толинд өөрийгөө байн байн харангаа аз жаргалтай гэгч нь дуу аялан явж байтал яах ийхийн зуургүй хоёр хүн гарч ирэх нь урд талын гэрэлд гялбаж харагдлаа. Тэргэл сандран жолоогоо эргүүлтэл нэгийг нь шүргээд унагаачих нь тэр.
- Яасан бэ? Яанаа ах аа, зүгээр үү гэсээр уйлах шахан гүйж очив. Цагаан пальтотой бүсгүй газарт тэрийн унажээ. Нөхөр нь түүнийг өргөж тэврээд: - Юуны чинь зүгээр үү гэж, чи чинь согтуу юм уу хаашаа юм! Наад замаа харж явахад яадаг байна гээд дуу хадуулан уурлахад:
-Уучлаарай ах аа, уучлаарай. Наашаа, алив ийшээ гээд машин руу дагуулан очиж хойд талын хаалга онгойлгож өгөв. Тэргэл нулимсаа барьж ядан үдшийн бүрэнхийг машиныхаа гэрлээр зүсэж, шууд л эмнэлгийн зүг жолоо заллаа. Яаран сандарсаар ухаан алдсан бүсгүйг эмнэлэгт хүргэж ирэв. Эмч нар түүнийг дотогш авч ороход хүлээлгийн өрөөний үүдэнд үлдсэн хоёр сая нэг ухаан орсон мэт бие биенээ анзааран хараад хэн хэн нь зогтусаж хэсэг чимээгүй зогслоо. Сонор: - Энэ чинь..., чи чинь Тэргэл мөн үү гээд гайхаж балмагдсан нүдэндээ итгэж ядан сөөнгөтсөн хоолойгоор асуувал айж тэвдсэнээс болж нулимс цийлэгнүүлсэн бүсгүй сая түүнийг таниж ядан: - Сонор уу даа..., Сонороо чи юу хэмээн гайхаж, олон жил сураг алдарсан хосууд тийнхүү бие биесээ олж уулзав. Найман жилийн өмнө тэд үеийн олны атаархал төрүүлсэн хамгийн сайхан хосууд байлаа. Гэвч “Сургууль соёлоо ч төгсөөгүй байж, зах замбараагүй юмнууд. Суух гэрлэх тухайд санахын ч хэрэггүй” гэсэн аав ээжийн хатуу зарлигаар хувь заяаны зам хазайсан билээ. Энэ явдлаас хойш маш олон зүйл өөрчлөгджээ. Тэргэл нэг залуутай болсон ч бүтэлгүй хайр нь домог болж, өнөөг хүртэл ганц бие яваа. Гадагшаа сургуульд суралцах тухайд ахынхаа танилаар хөөцөлдүүлж эхэлсэн ба мэдээ материал судлахаар тийнхүү баяр хөөр дүүрэн явж байгаад санамсаргүй осол гаргасан нь энэ. Харин Сонор хэдийнээ гэрлэж, одоо дөрвөн настай хүүтэй. Тэд ийнхүү өнгөрсөн амьдралаа тойм төдий ярилцан гар утасны дугаараа дөнгөж солилцож амжаад байтал эмч гарч ирж, аз болоход бүсгүй гэмтээгүйн дээр биеийн байдал нь гайгүй гэсэн сайхан мэдээ дуулгалаа. Тэр өдрөөс эхлэн анхны хайр нь бүтэлгүйтсэн “Экс” хосуудын дурлал хайрын дөл дахин сэргэж, боломж л гарвал уулзалдах боллоо. Хэзээ ч мартаж чадамгүй анхны хайрттайгаа дахин учирсандаа сэтгэл зүрхэнд нь тэр гэхийн тэмдэггүй их зориг асах шиг болж Сонорын нүдэнд дурлаж хайрлан, дуулж уйлан байж гэрлэсэн эхнэр нь өртөхөө байж эхлэх нь тэр. Тэргэл харин Энэрэлтэй дотносон найзалж, тусалж болох бүхий л зүйлд нь тусалж дэмждэг болов. Сонор, Тэргэл хоёр удаан ярилцсаны эцэст Энэрэлийг гадаадын их дээд сургуульд мэргэжил дээшлүүлэхээр явуулъя гэсэн санаа сэдэж, дараа нь түүнийг ятгаж зөвшөөрүүлээд, хөөцөлдсөний эцэст зорьсон хэргээ ч бүтээж чадсан юм.
Зөөлөн цас хаялсан өвлийн нэгэн өдөр Тэргэл Энэрэлийн сургуульд элсэх урилгыг авахаар харийн газар оюутан болох гэж цугларсан олны хамт урт дараалалд зогсож байгаад Сансармаатай тааралдав. - Сайн уу, Тэргэлээ. Хаанаас гараад ирэв ээ гээд хавтас тэвэрсэн найз нь гайхаж бүлтийсэн нүдээр инээмсэглэн дуудлаа. Тэргэл: - Сансармаа, сайн уу. Урилга чинь гарчихсан уу? Эртээд чи яагаад таг болчихов оо, ангийхан чамайг асуугаад би ч бүр хэлэх үгээ олохоо байсан шүү, за тэгээд сонин сайхан юутай? - Тийм үү, би ч гэсэн урилгаа авах гээд ирчихээд байна. Яахав дээ, чухал ажил гараадаа, тэгээд л хамт олны уулзалтад ёстой очиж амжсангүй, хэхэ. Ямар гоё юм бэ, энэ урилгыг удаан хүлээлээ шүү, тэ гэвэл Сансармаа: - Харин тийм байна, Чи бид хоёрын урилга нэг өдөр гарах гэж. За ингээд бидний хүсэл ч биеллээ шүү дээ гэвэл Тэргэл: - Өө, үгүй үгүй. Би сурахаа больчихсон. Нэг найз минь миний оронд явна гэв. Ингээд тэд хамтдаа бичиг баримт бүрдүүлэхээр зам нийлэн явж байхдаа Сансармаа: - Юу гэсэн үг вэ? Чи өөрөө гадаадад сургуульд явна гэж л надтай цуг үүнийг хөөцөлдсөн биз дээ? Гэнэт юу болох нь энэ вэ, ямар найз чинь юм гэвэл: - За яахав дээ, найз маань хүүхэдтэй юм аа, зайлуул. Найз ч гэж дээ, чамд л гэж хэлэхэд миний хайртай хүнтэй суусан хүн байгаа юм гээд уртаар шүүрс алдав. - За Тэргэл минь, бүүр ойлгохоо байлаа. Гадагшаа сургуульд явахын түүс болоод байсан хүн чинь одоо юун хүүхэдтэй найз, юун хайртай хүнтэй суусан хүн энэ тэр болоод явчихав аа? Тийм юм бол чи яахаараа тэрэндээ туслаад явж байдаг билээ, ингэхэд чи өөрөө сургуулиа яах юм гээд л хэрэгт дуртай найз нь шалгааж гартал Тэргэл долоовор хуруугаа уруулдаа хүргээд нүдээ бүлтийлгэж эргэн тойрноо ажсанаа: - Чимээгүй гэм дээ, ойр дотно найзын хувьд чамд л гэж хэлэхэд би хайртай хүнээ эргүүлж авна. Бусад нь одоо чухал биш гээд бодчих гэх нь тэр. Тиймээс би хүүхэдтэй найздаа тусалж яваа юм гээд л ойлгочих гэвэл Сансармаа: - За Тэргэл минь, чи чинь одоо өөрийн ухаантай байна уу? Юун хайртай хүн гараад ирэв ээ, чи надад хэлж байгаагүй шдээ. Толгой эргэчихлээ, юу ч ойлгохоо байлаа гэхэд цаадах нь: - Тэр бүрийг хэлэх боломж гарсангүй ээ. За за, тэр яах вэ. Миний найз цаашид юу болохыг зүгээр л харж бай, харин чи надад туслана шүү гээд нүдээ ирмэн инээмсэглэснээ: -Ингэхэд чи хаана, аль сургуульд орох болсон бэ, алив урилгыг чинь харъя гээд хавтастайг нь найрсагхан авч харвал Энэрэл, Сансармаа хоёр нэг хотод, бүр нэг сургуульд хуваарилагдсан байлаа.
Үргэлжлэл бий "Хэзээ ч оройтохгүй" номноос
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-022.JPG Хэмжээс: 600x450 63k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3843
mongolia2007year-040.JPG Хэмжээс: 600x450 76k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3935
Зүүд Хэмжээс: 477x600 111k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4405
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: