Үүлээ сөхсөн үзэсгэлэнт тэнгэрээс нарны шижир цацраг гэрэлтсээр сургуулийн танхим бүрийн цонхоор саруулхан туяа татуулан айлчиллаа. Анх удаа гадаад оюутнуудад хичээл зааж байсан залуухан багш самбарын өмнө сандарч буйгаа нууж ядан бүлтэгнэж зогссон бол одоо хэзээний туршлагатай багш болж, түүнтэй ярилцахад хичнээн сайхан байдаг гэх вэ. Катя, Энэрэл хоёр адилхан мэргэжлээр сурдаг бөгөөд хүний газар ирээд гурван жил болоход бие биесээ бараг л харцаараа ойлгодог найзууд болжээ. Тэд багштайгаа үеийн найз нөхөд шиг ярилцсаар байгаад хамтдаа гадаад хэлийг харьцангуй сайн суралцав.
Залуухан багш бүсгүй эелдэг, хөгжилтэй зантай нэгэн бөгөөд хятад дуу, хятадын сонин содон үйл явдлууд гээд ойлгомжтойгоор зааж болохуйц бүхнийг эрж хайж, оюутнууддаа хэл сургахын тулд бүхий л талаар хичээнэ. Багш самбарын өмнө бүтэн цагийн туршид ам хуурайгүй ярьж байхад харин зарим оюутнууд зүүд нойрны ертөнцөөр хээв нэг аялж явахыг нь яана. Ангид үүрэглэж нозоорсон оюутнуудын зарим нь багшийн нүд хариулан гар утсаараа оролдоно. Хөгжлийн өндөрлөгт эрин зуунд гар утас гэдэг алс холын газраас ч дэргэдээ байгаа юм шиг дүрст дуудлагаар бие биесээ харж, ярилцаж, бичих болсон цаг. Илч төөнөсөн бага үдийн наранд Энэрэл ч гэсэн нозоорон дуниартаж, ханз үсэг гэдэг чухам дэвтэр номон дээгүүр арвайсан аалзнууд арзайн байх шиг санагдана. Хүүгээ, ханиа санаж зүүрмэглэхүйд багшийн яриа нэг ойртож, нэг холдон бүдгэрнэ. Тийнхүү дуниартаж суутал гар утсанд нь дуут шуудан ирлээ. Ашгүй нэг нойрны шувуухайнууд үргээсэн дуут шуудангийн хонхонд талархан гаргаж ирээд үзвэл ханиас нь ирсэн байна. Баярлан байж нээж үзтэл нүдэндээ ч итгэж чадсангүй, бүсгүй балмагдсандаа золтой л хашгирчихсангүй. Тархин дундуур нь татуулаад авах шиг л болж, толгой нь манаран нүд нь харанхуйлаад ирэв. Сонорын “вичат”-аар Энэрэлийн өөрийнх нь таних танихгүй хүмүүстэй гараа барилцаж тэврэлдсэн зураг, халамцуудаа инээж баясан бүжиглэж, тэр ч байтугай хэд хоногийн өмнө дотуур байрны Эрдэнэ өрөөнд нь орж ирээд марзганаж тоглоом шоглоом хийж, ноцолдож байсан агшин хормуудын зургийг хэдий завандаа хэн нь аваад нөхөрт нь илгээж орхисныг бодоод ч олсонгүй. Нүд дүүрэн нулимс өөрийн эрхгүй бүрхэж ирээд багшийн яриа сонсогдохгүй, царай нь ч бүдгэрэн зэрэглээтээд тэсэхийн эцэсгүй тул арга буюу багш руугаа толгой дохисон болоод ангиас гармагцаа салгалж чичирсэн гараараа тайлбарлан бичиж гарлаа. Юу ч гэж тайлбарлаад нэмэр болсонгүй. Сонороос уурлаж дайрсан увайгүй үгс бүхий дуут шуудан тасралтгүй ирсээр байлаа. Хардах шалтаг олдохгүй ядаж байсан нөхөрт нь ямар нь ийм боломж олгосныг эс мэдэх ч яаж ч аргадаад тусыг эс олж, үнэхээр гарцгүйдэн мухардав. Энэрэл юу гэхээ ч олохгүй дэмий л сургуулийн ариун цэврийн өрөөний хана налан ямар ч тэнхээгүй сулбайж, задгай асгарах нулимсаа хянаж дийлэхгүй урсгаж байтал хичээл завсарлах хонх дуугаран оюутнууд бужигналдах чимээ гарч, хэн нэг нь хаалга тогшлоо. Энэрэл арай гэж өөрийгөө зоригжуулан цүнх номоо хам хум аваад, улайж бүлцийсэн нүдээ нарны хар шилээр халхалж, шаргал эмжээртэй юүдэнгээрээ нүүрээ аль болох далдлаад ангиас гарч сургуулийнхаа цэцэрлэгээр удаан гэгч нь алхлаа. Тэгэхээс тэгэх гэсэн шиг өмнөөс зөрөлдөх үеийн олон залуус хос хосоороо хөтлөлцөж, жихүүн салхины жиндүүг ч үл анзааран бие биедээ эрхлэн жаргалтай нь аргагүй зөрөлдөх нь хайрт ханьдаа ор үндэсгүй хардуулж яваа бүсгүйд дэндүү шударга бус санагдана. - Гүйцээ Ээнээ, үүнээс илүү ямар баримт нотолгоо хэрэгтэй гэж. Бидний амьдрал ингээд дууслаа. Би салах өргөдлөө бичиж байна. Чам шиг ийм эмэгтэйтэй учирсандаа харамсаж байна, ийм хүнд би хүүгээ ч бас өгөхгүй. Амьдралаас минь ор мөргүй зайлаарай!!!Гар утасны дэлгэц дээр дурайтал бичээстэй байх түүний богино захидлууд бүсгүйн амьдрал орвонгоороо эргэж буйг харуулна. Хайрт ханийхаа өмнө огт буруугүй хэрнээ буруутан болж, хамгийн гашуун нь тэр яагаад ч юм итгэхгүй байгаа нь даанч шударга бус. Энэрэл удаан бодсоны эцэст сая нулимсаа арчаад оюутны дотуур байр луугаа шийдэмгий гэгч нь алхлаа. Хятад оюутнууд замын хажуугаар хүзүүний ороолт, нүүр гарын алчуур, ил захидал, үзэг, бал сэлтийн элдэв янзын жижиг бараа газраар дэлгэн худалдаалж, хайлж амжаагүй цастай хаврын зэвэргэн салхинд бээвийж зогсоно. Төдөлгүй хүүхдийн тоглоом шиг жижигхэн, цагдаагийн бүхээгт тэрэг наашлан харагдах бараанаар яаравчлан газраар тарааж өрсөн бараагаа хурааж эхлэхэд Энэрэл тэдний хажуугаар нүдний шилнийхээ цаана уйлсаар алхаж явна. Түүнийг уруу царайлж, гундуухан алхсаар ирж явааг өрөөнийхөө цонхоор харсан Сансармаа хаалгаар орон ортол нь дагуулж хараад: - Хм, их мундаг гадаад хэлтэй, нөхөртөө үнэнч ч гэх шиг, бас юу юу гэлээ, тэргүүний энэ тэр гэдэг билүү, яасан их дээгүүр нисдэг юм. Чамайг үүнээс дээгүүр нисэхийг чинь харна аа гайгүй гэж хөмхийгөө зуугаад Тэргэл рүү дуут шуудан бичлээ.
- Hi, Яг төлөвлөснөөр болсон, одоо наадах чинь чи бид хоёрын замаас зайлахгүй гээд хаачих вэ, Ок гэж бичээд араас нь амаа дараад инээж буй дүрс илгээхээ бас мартсангүй. Үнэндээ Сансармаа үргэлж Энэрэлд атаархаж явдаг бөгөөд түүний бүдэрч унахыг харахсан гэхээс тэсэж яддаг нэгэн. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл Тэргэлтэй үгсэн хуйвалдсаар хань ижлээсээ хагацахад хүргээд буй. Сансармаа хувийн амьдрал, хичээл сурлага, царай зүс гээд юу бүхэн дээр ямагт Энэрэлээс хуруу дутуу явдаг. Ойр зуурын эд бараа ар өвөртөө нууж зөөж, түүнийгээ найз нөхөддөө үнэгүй шахуу зарахын хажуугаар хэн бүхнийг нэгээс нөгөөд ар хударгаар нь элдэв бусаар хэлж байж, бусдад нэр олж явдаг түүний энэ занг таньсан найзууд нь түрүүчээсээ зайгаа авч эхэлсэн билээ. Хэн нэг нь өөрөөс нь илүү гарах вий гэхээс байж ядталаа эмээдэг Сансармаа Энэрэлийн ямар байгааг хармаар санагдаж ёрын юм шиг адгаад болохгүй тул түүний өрөө рүү зорьлоо. Хаалгыг нь удаан гэгч тогшсонд сая Энэрэл сулхан дуугарах шиг болов. - Сансармаа байна аа, Ээнээ хаалгаа гэж олон удаа дуудсан боловч хариу алга. Харин Энэрэл яаж ч хичээгээд хянаж үл дийлэх сэтгэлээ, садран асгарах нулимсаа барьж чадалгүй чемодандаа хамаг хувцас, ойр зуурын зүйлээ эмх замбараагүй чихэж гарлаа. Чингээд бухимдаж хямарсандаа ширээн дээрх дэвтэр номоо бүгдийг нь хамаа замбараагүй цацалж хаяв. Амьдрах итгэлээ алдаж, бүхий л зүйл ингээд дуусч буй мэт санагдахад ямар ч тэнхээгүй болсон тэрээр өвдөг сөхрөн суугаад асгартал уйллаа. Хүүгээ учиргүй их санаж шимширнэ. - Сонороо, хань минь дээ, чи минь намайг ойлгохгүй юм гэхэд ядаж хүүг минь үлдээж болохгүй юм гэж үү дээ хэмээн амандаа шивнэнэ. Тэгээд нулимсаа арчих зуур нүдний буланд нэгэн зүйл торохуйд сая харвал хурц иртэй цаасны хутга. - Амьдралд минь та хоёроос өөр үнэтэй зүйл байхгүй. Би гэдэг хүн нэгэнт ингээд хэнд ч хэрэггүй юм бол..., тэгвэл би хэлснээр чинь ор мөргүй зайлаад өгье л дөө. Би зайлаад өгье! гэж гомдол бухимдлын мананд төөрөлдөхийн эрхэнд урт цаасны хутгыг зоригтой гэгч нь шүүрч авлаа. Үргэлжлэл бий "Хэзээ ч оройтохгүй" номноос
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-135.JPG Хэмжээс: 600x450 76k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5092
YolHad_41.JPG Хэмжээс: 700x525 105k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5008
mongolia2007year-181.JPG Хэмжээс: 600x450 85k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4203
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: