- Миний хүү ямар хурдан гүйдэг юм бэ, хүү минь хамгийн мундаг нь шүү гээд л ээж нь Анирхүүтэй хөөцөлдөн, хүүгээ өхөөрдөж байрныхаа урд талын цэцэрлэгт хамтдаа тоглоно. Цэцэрлэгт үргэлж салхилдаг охин эмээгээ гараас нь түшээд хөгжилтэй инээмсэглэж, алаг бөмбөг тэвэрсэн өнөөх жаалхүү аав ээжтэйгээ хөтлөлцөн, бүр хог ухдаг сахалтай өвөө хүртэл шуудайгаа үүрчихсэн бүгд л тэр цэцэрлэгт байж байх юм. Навчсаа дааж ядан саглайсан том модны сүүдэр дэх сандал дээр аав нь налайн суугаад хүүгээ харж хөөрч баярлан инээмсэглэнэ. Нэг харахнээ “Танихгүй эгч” ирчихсэн аавынх нь хажууд сууж байх юм.
- Ээж ээ, ээж ээ гээд Анирхүү аав руугаа гараараа заахад хоёул хамтдаа тэднийг зорин очлоо. Тэгтэл юу болоод байгаа нь мэдэгдэхээ байж, учир замбараагүй хашгиралдан бөөн дуу чимээ хадаж ахуйд Анирхүү айсандаа уйлж гарав. Гэнэт Тэргэл хүрч ирээд өнөөх ааш муутай зангаараа зандран: -Анир аа, өөдгүй жаал. Чи ээж аав хоёрынхоо хэнтэй нь хамт баймаар байгаа юм! гэх нь тэр. Болжмор шувуухай хөөрөн нисэхдээ бяцхан далавчныхаа аль нь чухал болохыг мэддэггүйн адил Анирхүү аав ээжийнхээ чухам хэнийг нь сонгохоо үл мэдэн духаараа ширтэж гомдолтойгоор харж байснаа: - Би хоёулантай нь хамт баймаар байна. Би аав ээжтэйгээ цуг баймаар байна за юу гээд цурхиртал уйлав. Тэгтэл нэг мэдэхнээ аав нь Тэргэлтэй хөтлөлцөөд яваад өглөө. Эргээд хартал ээж нь бас байсангүй, мөнөөх цэцэрлэг гэнэт харанхуйгаар солигдож Анирхүү голдоо ортол даарч, ганцаардаж буйгаа мэдэрсээр зүүднээсээ сая сэрлээ. Эргэн тойронд тас харанхуй. Дулаалж дулаалсан хөл нь, хөөрхөн жижигхэн хуруунууд нь жихүүн жаварт тэсэхийн эрхгүй янгинана. Хаа нэгтээ машин гэрлээ гялтайлган тусгаж өнгөрөх нь ч харагдахаа больжээ. Бээрсэн гараараа тэмтрэн байж үүргэвчнээсээ савтай усаа гаргаж ирвэл уухын аргагүй тэсгим хүйтнээр хайрлаа. Анирхүү байн байн нүдээ хамгийн томоороо бүлтийлгээд хичээн байж харахуйд сая нүд нь аажмаар орчиндоо дасан, чухам хаа байгаагаа үл мэдэх хэдий ч цас бүрхсэн орчин тойрон нь үл ялиг мэдэгдэх төдий тодорч харагдлаа. Анирхүү: - Би том болсон хүн. Би чинь том болсон хүн шдээ гэж өөрийгөө зоригжуулаад бээрсэн гараа хооронд нь үрж амьсгалаараа дулаацуулна. Ядарч туйлдан даарч бээрч, басхүү зүрхээ чичиртэл айсан Анирхүү хэр чадлаараа өөрийгөө зоригжуулсаар. - Ээж ээ, та хаана байна аа. Аав аа, аав аа намайг сонсооч, та хоёр яагаад намайг орхиж байгаа юм бэ ээ, эйн гээд л амаа том ангайлган сөөнгөтсөн хоолойгоор дуудаж хэнгэнэтэл уйлж байтал хаа нэгтээгээс ноход хуцах дуунаар сая уруулаа жимийж, нүдээ эргэлдүүлэн чимээ чагнав. Айдас хүйдэст бүрэн автсан хүү үүргэвчээ тас тэврээд ийш тийшээ бүлтэгнэн харж байснаа цасан дунд шигдээд унан туслаа. - Өглөө гэхэд л гэртээ оччихно. Удахгүй гэртээ очлоо. Би аав ээжийнхээ мундаг хүү. Намайг зургаа гоё зурахаар ирж авна гэсэн юм чинь. Зурж дууссаныг минь мэдэхгүй болохоороо л ирэхгүй байгаа юм. Би гоё зурчихсан. Одоохон аваачиж үзүүлнэ гэж өөртөө ахин дахин хэлсээр нэг мэдэхнээ дахиад зүүрмэглэж эхэллээ. Хамар хацар нь хайрагдаж тэсэхийн аргагүй даарна. Өвлийн шөнийн жавар тачигнаж, эзгүй хээр өөртэйгөө тэмцэлдэн буй жаалхүүг ингэж яваа гэж хэн төсөөлөх билээ. Тэгж байтал хөл, гар нь гэнэт халуу оргиж, нэг л таатай болоод ирэв. Анирхүү баримлын шавраар хийсэн морьтой хүнээ ээж аавдаа үзүүлэхийн тулд үүргэвчнийхээ ёроолд нандигнан хадгалсан билээ. Хүүхдийн гэнэн цайлган ухаандаа гялгар уутанд боочихвол хэлбэр нь эвдрэхгүй гэж бат итгэсэн тэрээр хамаг л жингээрээ үүргэвч дээрээ дарж хэвтэнэ. Хамгийн гол нь энэ удаад аав ээжтэйгээ хамт байгаагаар зурсан тэр зураг давтагдашгүй гоё нь гэж бодохоор түүнийгээ л аав ээждээ үзүүлбэл бид гурав цугтаа байна гэж бяцхан зүрх сэтгэлдээ эргэлзэлгүй итгэсээр. Байсхийгээд л түүнийгээ гараараа тэмтэрч тэнд байгаа эсэхийг нь шалгана.
- Алив миний сайхан хүү, ээждээ ир дээ гээд гараа алдлан тосох ээжийгээ хараад Анирхүү учиргүй их баярлана. Гүйгээд л байлаа, гүйгээд л байлаа. Ээж нь энүүхэн ойрхон харагдах ч гэлээ хөл гар нь хөдөлж өгөхгүй зовооно. Гараа сарвайж ээж рүүгээ алдлах гэхэд хоёр гар нь даагдаж өгөхгүй нь хяслантай. Тэгэхээр нь зогсоод үүргэвчээ уудлан нандигнаж нандигнасан морьтой хүнээ гаргаж ирээд алган дээрээ тавьж ээж рүүгээ сарвайлаа. Ээж, аав нь үнэхээр гоё болсныг нь гайхан магтаж Анирхүүгээр бахархана. Хүү дахиад цүнхээ уудалж, зурсан зургуудаа нэг нэгээр нь гаргаж байгаад өнөөх хамгийн хайртай зургаа дэлгэж аавдаа өглөө. Чингээд: - Одоо та хоёр намайг хэзээ ч битгий орхиорой. Би үүнээс ч гоё зурна аав аа, ээж ээ гэхэд аав нь дулаан энгэртээ эрхлүүлэн тэвэрч түүнийг энхрийлэн үнсэнэ. Ээж нь хүүгийнхээ өхөөрдөм хөөрхөн гараас хөтлөөд хайр дүүрэн мишээнэ. Анирхүү тийнхүү амтат зүүдэндээ умбаж, нойрон дундаа үнэгчлэн инээмсэглэсээр. Нэвсийсэн цагаан цас бүрхэж, жавар тачигнасан урт шөнө барагдахад үүрийн гэгээ дорноос манхайн үзэсгэлэнт наран уулын оройд мишээх адил туяарлаа. Үүргэвчээ тэврээд түрүүлгээ харж хэвтэх бяцхан хүүгийн ороолт малгай тэр чигээрээ цантаж, цагаан сахал болоод барьцалдан хөлджээ. Гэгээн үүрийн цацрагтай уралдан шинэ өдрийн амьдрал эхлэхүйд тийнхүү замын ойролцоо хэвтэх хүү алсаас чухам юу болох нь үл мэдэгдэхүйц нэг л бараан юм болж харагдана. Тэр хавиар шиншилж явсан үнэрч соргог нохой Анирхүү рүү дөхөн дөхсөөр ойртож ирлээ. Үргэлжлэл бий “Хэзээ ч оройтохгүй” номноос
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Ий Хэмжээс: 600x450 68k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4013
zam-058.JPG Хэмжээс: 600x450 115k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 9351
Зохиомж Хэмжээс: 600x415 111k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6063
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: