|
|
Өгүүллэг: Дарамын БАТБАЯР : Уул мэт өвгөд
Оруулсан admin on 2018-02-09 16:22:12 (6711 уншсан)
Зохиолч: Дарамын БАТБАЯР
/Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн/
Үүр цүүрээр босож тэнгэрийн царай малын бараа харж орж ирээд өвгөн хоймор завилан, гаансаа нэгхэн сорж хэсэг дуугүй сууна. Ийнхүү дуугүй сууж сурна гэдэг хэлд орохоос ч амаргүй. Орчлонд хүний үзсэн дуулсан болоод үзээгүй дуулаагүй бүхэн сэтгэлд тэнцэж ирэхийн алдад хүн алив юманд шалчигнахыг огоорч эхэлдэг мэт санагдана.
Царайг нь харахад баяр түгшүүр, гомдол гутралын аоль нь ч үл харагдана.
Бэр нь цайныхаа дээжийг аягалж хоёр гардан барина. Өвгөн нударгаа сэгсрэн буулгаад гарын алгыг тэнийлгэн тээр доороос зугуухан тосон авч, ёс болгон уруул хүргээд зөөгшүүлэхээр өмнөө байгаа аяганы ширээн дээр тавина. Ач хүү нь араас нь мөлхөн очиж дээлнээс нь зууран босож өвгөнийг түшин тэнчигнэн алхана. Өвгөн огт үл хөдлөнө. Өвөр дээр нь очиж энгэр өөд нь асна. Нялхын үнэрээ гээгээгүй зулайгий нь үнэрлээд газар буулгана. Ачаа хөлд орсны нь мялааж байгаа нь тэр. Энэнээс илүү үнсэх ч үгүй. Цөөн үнсдэг шигээ цөөн зандарна. Голцуу л харцаараа захирч, харцаараа шийтгэж, харцаараа хайрлан өршөөнө. Хааяа хэн нэгэн хүн морь малын толгой уруу чөдөр ташуур далайх юм уу, худаг усанд сүү цагаан идээ дусаахын сацуу хөмсөг зангидан "яачихсан монголоо алдсан амьтан бэ чи" гэж нэг ширүүхэн зандраад л өнгөрнө. Харин өрөөл бусдыг муу хэлэх янз гаргах, атаа хорсол, хүний мөсгүй явдал цухалзуулмагч муухай харж "Байтлаасаа бүр хүнээ алдах нь шив дээ, та нар чинь" гэж цухалдангуй хэлээд таг дуугүй болох юм уу, бүүр их дургүй нь хүрсэн бол ганц ч үг хэлэлгүй цааш эргэж хоёр гурав хоног дуугаа хураана. Ёсон бусын шившигт нүгэл үйлдсэн хүнтэй нутаг усных нь таних мэдэх тохитой томоотой өвгөд цөм дуугарахгүй байх ч тохиолдол байдаг. Энэ бол хүний ёсны дээд шийтгэлээр шийтгэж байгаа хэрэг юм.
Хүн гэж эрхэмлэн хүндэтгэж амар мэндий нь эрж, мал сүргий нь асуух нь бүү хэл хүн гэж түүнтэй дуугарахгүй байна гэдэг хатуу шийтгэл. Ингэснээрээ тэрхүү шившигт явдлыг эсэргүүцэж, хойшид бүү гараг хэмээн олонд жигшүүлж байгаагаас гадна өөрсдийн сэтгэл санааны ариун тунгалагт хир хүргэхгүй гэж өмгөөлөн хамгаалж байгаа тэмцэл юм. Бусдын муу муухайг үйлдэж байгаатай адил гэж тэд үздэг учир ийнхүү жигшдэг. Энэ жигшил нь зарим үед өршөөж болох өчүүхэн муу үйлийг ч хатуугаар гэсгээн шийтгэхэд хүргэдэг. Арга ч үгүй юм. Хүн хэдий чинээ ариун тунгалаг байх тусмаа муу муухайг төдий чинээ жигшин үздэг нь ёс билээ.
Өвгөн аягатай цайгаа авч аажуухан оочлон уух зуураа сая ам нээж хүү бэр хоёртойгоо аар саархныг хүүрнэн ширээн дээрх тавагтай шинэхэн өрөм, ингэний зөөлөн ааруулаас амсахын төдий иднэ.
Нас ахих тусмаа ийм өвгөд нойр хоолоо саан элдэв дээдийн нарийн нандин идээ будаа идэх, торго магнаг, булга халиу эдлэхийг болин аль болох эгэл борог юм идэж ууж, өмсөж эдлэхийг хүсэх учир найр цэнгэлд ч адуу малд ч ялгаагүй ямагт өмсдөг хуучин дээлээ өмсөж, унаж дассан номхон морио унана.
Өнгөцхөн бодвол энэ нь өвгөн настай болсон хүн хэнд сайхан харагдана гэх вэ, үхэхийн хооронд ямар ч юм идэж ууж, өмсөж эдэлсэн яах вэ гэж байгаа юм болов уу гэмээр авч угтаа огт үгүй ажээ.
Нас ахих тусмаа хүн орчлонг улам илүү танина. Орчлонг таних тусмаа хүн уул ус, газар дэлхий, амьтан ургамалтай ямар шижмээр бие сэтгэлээ холбоотой болохыг мэдэх гэж эрмэлзэх бөгөөд энэхүү холбоог мэдэхийн тулд өнгөрсний дурсамж, ирээдүйн зөн хоёрыг барьцалдуулан бясалгаж бясалгалын хүчинд хүмүүн гэгч угтаа газар дэлхийн элснийх нь нэгэн ширхэг, усных нь нэгэн дусал болохоо ухаарч, уул ус, ургамал амьтантайгаа зохиролыг олж орчлонгийн эрхийг ёсчлон дагаж явахыг хүснэ. Газар дэлхий гэгч агуу их бөгөөд агуу их энгийн учир хүмүүн мөн түүн лугаа адил эгэл байж гэмээн түүнтэй зохирлыг олж, түүний нэгэн салшгүй хэсэг болж явна. Газар дэлхий хүмүүн хоёрын язгуур нягт нарийн холбоог ухаарсан хүнд, дээр доор, баян хоосон байхын ялгаа арилж, хөгшин хөвөө, хүүхэд нялхсыг эн тэнцүү энэрэхийн эх булгийг сэтгэлээсээ нээж, тэрхүү энэрэл нигүүслийнхээ буяныг бүхэнд хүртээж чадсан хүмүүн газар дэлхий мэт агуу, өгөөмөр болмой.
Өвгөн цайгаа ууж дусаад талархлыг харцаар илтгэж, хонь малыг хаашаа бэлчээн, идээ цагааг хэрхэн үйлдэж, үр ач нарыг юунд сургаж буйг зэрвэс зэрвэсхэн харж бодлогоширон сууна.
Өвгөний юу бодож, юу хүсэж, юунд зовниж буйг хэн ч үл мэднэ.
Айлчин гийчин ч юм уу, бууж мордож яваа хэн нэгэн хүн гаднаас орж ирж амар мэндий нь эрж, бие лагшингий нь асуувал сайн сайхан хэмээн бэлэг дэмбэрэлтэй цөөн үгээр хариулаад тэрхүү орж ирсэн хүний жаргал зовлонг ертөнцийн хамаг амьны жаргал зовлонтой нийлүүлж, магнайдаа үрчлээ нэмэн сууснаа насан туршид нь түшиг болж явах үнэн үгийг хэлж сэтгэлий нь уужруулаад бэлэг дэмбэрэлтэй сайхан үгээр үдэж мордуулна.
Ер нь хүн ухаан суух тусмаа өөрийн зовлон жаргалыг улам улмаар огоорч бусдын жаргал зовлонг анирдан түүний төлөөнөө сэтгэл зовних нь их болдог.
Ухаан сууна гэдэг угтаа жаргал зовлонгийн утгыг танихын нэр бөгөөд энэхүү утгыг хэдий чинээ гүн гүнзгий ухаарна төдий чинээ хурдан жаргал зволонгийн заагийг арилгаж чадна.
Жаргал зовлонгийн заагийг арилгаж чадсан хүн амьдрахын утга учир тодорч, өрөөл бусдад сайн үйл бүтээж явахаас өөр зам түүнд үгүй болдог.
Өвгөн босож хуучин тэрмэн дээлнийхээ хормой хотыг янзалж, бүсээ чангалан бүслээд хоймрын авдар дээрээс олон жил өмссөн улаан залаат малгайгаа асааж гадагш гаран шон уруу алхана. Уяан дээрх оломцгий нь жинтүүлж зузаалсан тэнэгэр суудалтай эмээлээр эмээллэсэн хур дэлтэй хул морийг тайлж олмоо чангалан мордож, хол айлын хэртэй сажлуулснаа зугуухан шогшин ергүүлнэ.
Өвгөний зорьж яваа айл хагас өртөө хэр газрын цаана бөгөөд өвгөн тэднийд бууж, нас сүүдэр өндөр нутгийн өвгөдийн амар мэндийг нь эрж ая зангий нь тамдаад эргэж ирэхээр шогшиж буй нь энэ. Ийнхүү нэг нэгнийдээ зүгээр бууж мордож явах нь талын нүүдэлч малчин молнголын эртний заншил бөгөөд амар мэндээ мэдэлцэж, царай зүсээ харалцаж, хол ойрын сонин хөөрөлдөж явдгийнхаа хүчинд хүний тусаар дуталгүй, ертөнцийн явдлаас хоцролгүй амь зууцгааж ирсэн билээ. Өвгөн ергүүлсээр хүрэх айлынхаа бараа харж, морины ам татан шогшуулж, дөхөн очмогц сажлана.
Нутаг усандаа нэртэй ийм өвгөдийг ирж явах бараагаар нь таньж гэр орноо цэвэрлэн цэмцийлгэж гудас дугалуул дэвсэн хөл хөөрцөг болно.
Түүний ямаг өмсөж явдаг тэрмэн дээл, унаж явдаг хул морий нь хэн ч анзаарахгүй бөгөөд эмээл дээрээ тасын суудлаар суусан төрх, насны намба хоёр нь түүнийг чимж, торгон дээлтэй, жороо морьтой гийчингээс илүү харагдуулна. Ухааны сүр өндөр их нас гэгч ийм сүрлэг ажгуу.
Өвгөний өмнө идээнийхээ дээж ундныхаа сайхныг өрөх авч өвгөн ёсыг бодож амсаад нас өндөр өвгөдтэй хууч хөөрч тухлан, өөрөөс нь дүү хүмүүсийн асууж сурагласныг нь үндэс язгуураас нь хөөн ярьж утгыг тайлж өгнө.
Ер нь манай монгол өвгөчүүл үндэс язгуурыг ихэд эрхэмлэнэ. Алив юмны өсөх үржих, мандах буурах нь язгуураас болох тул, үндэс язгуурыг эрхэмлэ хэмээн сургана. Газар дэлхий, тэнгэр хурмаст амьтан ургамал цөм бие биедэээ үндэс язгуур болж тойрон эргэлдэх тул юм бүхэн бие биедээ эх болдог гэж үздэг учир үндэс язгуур эхийг бишрэн хүндэлнэ. Түүнийг эс мэдэгч, эс хүндлэгчийг хөнгөн хуумгай, мунхаг хүн хэмээн тооцно. Дамаан өөрийн удам угсааг мэдэхгүй хүнд бүр ч дургүй бөгөөд тийм хүнийг ойд төөрсөн сармагчин лугаа адил гэнэ. Тэд өөрсдийн удам угсааг мэдээд зогсохгүй нутаг усныхаа бүхий л хүмүүсийн удам судрыг мэднэ. Үр ач нартаа ч удам угсааг нь мэдүүлж, амьд сэрүүндээ уулзуулж учруулж орхидог заншилтай.
Өвгөн тэндээс гэрийн зүг мордож зам зуурт тааралдах тэмээ малын зүс харж, газрын гарц, усны ундарга ажиглан мөнх бус хорвоогийн явдлыг сэтгэлдээ бөмбөрүүлж шогшино.
Нялх балчир багачуулыг элэг бүтэн өсгөе гэсэндээ үхэл мөхлийг нууж өдөр шөнийг өөдрөг сэтгэлээр туулая гэсэндээ үхэл мөхлийн тухай яриаг цээрлэдэг өвгөд маань өөрсдөө үхлийг өөрөөр үздэг. ҮХлийг тэд аймшигтай хэцүү ч гэж үздэггүй, ер бусын онцгой юм ч гэж үздэггүй. Ердийн л ирсэн гийчин буцахын дайны л бодно. Ургасны эцэст хагдарч, төрсний эцэст үхдэг нь хорвоогийн ёс тул ёстой юм ёсоороо л болж байна гэж үзнэ. Тийм ч учраас үхэгсдийн хойноос уйлж унжихыг цээрлэнэ. Өөрсдөө тэд хорвоод хоргодож, зовж тарчилж, уйлж унжих ч үгүй. Нэг өглөө л сэрэхгүй мөнхийн бөх нойроор нойрссон байна. Олон хоног сараар өвдөж, зовж хүний гарт орж, өргөж тээлгүүлж үхэхийг цээрлэдэг учраас нэгнийхээ ингэж амархан мөнх нойрссоныг дуулаад "Ямар их буянтай хүн бэ" хэмээн хойно нь магтана. Харахад гэв гэнэтхэн үгүй болчихож байгаа мэт боловч угтаа тэр үгүй болооч аль эртнээс "Морио эмээлчихсэн" байдаг билээ. Бие сэтгэлийг эртнээс хумиж, буян нүгэлээ дэнслэн, бусдад тавьсан өрөө дуусгачихсан хүн л ийнхүү нар шингэх мэт анир чимээгүй, амар амгалнаар оддог болой.
Өвгөн оройхон гадаанаа ирж, хонь малаа бүрэн бүтэн хотолсон эсэх, дутуу дундуур юм байна уу хэмээн ажиглан хараад гэртээ орж өнөөдөр хаанаас хэн гэгч хүн ямар хэрэг зоригоор ирснийг асууж нэжгээд аяга сүү уусны хойно айл саахалтын багачуул, үр ач нарыг тойруулан суулгаад авдран дээрээс утаа зуусан хүрэн шоголтой ном авч дэлгэн үлгэрийн далайг эхэлнэ.
Одод улам улам нэмэн түгж хоттой нь мэт амгалан налайна.
Эртний их судар дуудан унших өвгөний дуу битүү хүнгэнэн үлгэрийн ертөнцийн үүд хаалгыг үр ач нарын бяцхан оюунд дэлгэхэд амар сайхандаа жаргах үлгэрийн төгсгөл зөнтэй мэргэн зүүдний эхлэл болж эргэнэ.
эх сурвалж : Facebook.com/ ГОЁ өгүүллэг, тууж, роман
(
Сэтгэгдэл бичих? |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Бусад )
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|