Эцэсийн хүчээ шавхан уулсын хярлуу зүтгэнэ Эрчит дөрвөн туурайнаас минь цусан мөр үлдэнэ Эгмэнд туссан сумны шархнаас цус бялдаж Эрдэнийн алтан дэл сүүл минь улаан өнгөнд будагдана
Эрүүл үлдсэн хэдэн сүрэг минь Эргэн эргэн янцгаана Эрсэлж хурдан зугт гэж Эцсэн хоолойгоор үүрсэнэ
Хөгшин ижил минь тэнд ойчсон Хүү минь харин зугтаж амжсан Хэдэн гүү минь ийш тийш Хээрийн салхи шиг зугтаж одсон
Уулын салхи шиг онгон зэрлэг өссөн юмсан Угшил гарал минь гэрийн адууны үрс юмсан Талын салхинаас өөр эзэнгүй Тааваараа үргэж жаргаж амьдарсан юмсан
Ээжээсээ босоо унасан юмсан Эрдэнийн нутагтаа зэрлэг догшин өссөн юмсан Араатан чоноос айгаагүй Аавыгаа дагаж тулдаг байсансан
Буурал хайрхан минь аврал юмсан Булаг шанд минь ундаа юмсан Тачирхан хялгана минь өлтэй юмсан Талын агь минь аагтай юмсан
Таанат говь нутагтай юмсан Танил бусаас цочдог юмсан Хүний бараанаар үргэдэг юмсан Хүүхдийн гийн гоог гайхдаг юмсан
Хээрийн салхин эмээлтэй юмсан Уулын жавран уургатай юмсан Борог өвсөн чөдөртэй юмсан Бут харгана бугуйлтай юмсан
Уулын савдаг эзэнтэй юмсан Усан тэлмэн жороо гүүтэй юмсан Аясын салхин аргамжтай юмсан Адуун олон ижилтэй юмсан
Үрээ байхдаа хүний гарт нэг орсонсон Өртөөлж хонон хөөж барьсан юмсан Оонын хүзүүн хуйвны чивчрээг Одоо ч мартаагүй санаж байнам
Эртний монгол хазаарын амгайг Эрүүндээ зууж үзсэн юмсан Адуучны хуучин монгол эмээлийг Ардаа тохуулж үзсэн юмсан
Эх хар суран чөдөрийг Эрчит хөлөндөө зөрүүлж зүүлгээд номхорч билээ Эрэмгий залуугийн хүчит гарын Эрхэнд үлдээд дасах минь яав даа
Дэлийг минь хайрлаад засаагүй үлдээсэн Дээлтэй эзэнийхээ унаа болох минь ч яав даа Арван сумын наадамд сойгдож Адуучин эрийнхэа хүлэг болох минь ч яав даа
Жирийн монгол адууны хувьд Зэрлэг амьдрал зохидоггүй аж Даарсан цагт минь хурааж хаших Дассан эзэн минь аврал аж
Хөшсөн цагт минь хөлөргөж халаах Хүний ухаан энэрэл аж Илүүдсэн өөхийг минь сойж хагаслах Эрхэм хүмүүсийн эрдэм аж
Ангасан цагт минь услаж зогсох Адуучин эзэн минь бурхан аж Амьдрахын төлөө хамтдаа зүтгэх Аль эртний ёсон байж
Эртний тэр цагт өвөг дээдэс минь Эзэн хааны их цэргийн унаа байсан юм гэнэ лээ Бууж үлдсэн эзэдийнхээ араас дайны талбарт Бодон бодон уйлж зогсдог байсан юм гэнэ лээ
Алтан удамын хүчирхэг эрс Ар нуруун дээр нь тэнгэрт хальдаг байсан юм гэнэ лээ Алс хол баруун зүгээс тэнгэрийн хаяанаас Ахуй нутгаа тэмцэж гүйж ирсэн юм гэнэ лээ
Хүний нутгийн энэ захруу Хүйтэнээс зугтаж юунд ирэвээ Хүчирхэг зэвсэгтэй харь анчидаас Хүчилж зугтаад хил давахсан
Чоно байсан ч болоосой Цохонд нь ганц өшиглөхсөн Хүйтэн сэтгэлт хүмүүн гэгч Хөх чононоос дор аж
Хаа холоос исгэрч ирэх Халуун зэвтэй сумыг нь яалтай Хазаж тонгороод эмтрэхгүй Хатуу төмөр зэвсэгийг нь яалтай
Түрүүчийн хэд минь амжаад давсан Түүний цаана нутаг минь байгаа Эргэж ноцож сүргээ хамгаалаагүй бол Эх нутагтаа очих л байлаа
Хамгийн сүүлийн толгод давхад Хашир анд минь эргэж хараад үүрссэн Сүүлчийн хүчээрээ хулмааж байгаад Сүргээ дагуулаад зугт гэж дохисон
Моторын дуу ойрхон байна Мохосон туурай минь гишгэж л байна Танил бус хашгираан байна Тамирдсан хөл минь сольбиж л байна
Аа энд нэг багана байна Ард нь гишгэвэл нутаг минь байгаа Алтан үсэгтэй тэр багананы Ард нь миний зураг байдаг
Дайчин эрсийн ухайн дуу Дасаж амжаагүй гийн гоон дуу Далдхан алсаас сонсогдов уу даа Дахиад хэдхэн алхая даа
Харах нүд минь бүүдийж байна Халуун цус минь дуусаж байна Харайх хүч минь алдарч байна Хажууханд минь багана байна
Ижил олон сүрэг минь баяртай Эх сайхан нутаг минь баяртай Хилийнхээ баганыг түшээд Хөл минь хөшөөд чангарч байна Хэвтэж биш босоогоороо энд үлдэе дээ
Дэл сүүл минь салхиндаа эрхэлж үлдэг Дэрст нутаг минь үгүйлж үлдэг Догшин сүрэг минь омогшиж үлдэг Домог түүх минь мөнхөрч үлдэг
Долоон бурхан одны адуунд нийлэхээр явлаа Дотогшоо биш гадагшаа урссан цус минь энд шингэг Дотоод хүч омог сүр минь шороонд нь үлдэг Тэнгэрийн адуу болоод эргэж төрье нутаг минь ээ
Гантөмөрийн Сумъяа
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
trlj-011.JPG Хэмжээс: 600x450 155k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3828
zam-046.JPG Хэмжээс: 600x450 172k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4867
Тэмцэл Хэмжээс: 600x466 146k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4398
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: