Шүлэг: Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР Оруулсан Bataka Огноо: 2024-07-01 11:30:47 (5471 уншсан)
Өглөө бүр нэг л замаараа
Хичнээн ч алхсаныг бүү мэд
Өдөр бүр хэдхэн л хүнтэй
Төчнөөн таарсныг ч бүү мэд
Үл таних зөргөөр навчис хөглөрч
Өвс ургаж шоргоолж гүйлдэж
Борооны ус тогтож бодол хөвөрч
Будрах цасан амсхийн буусан ч
Өнөөх л замаараа нөгөө л зүгтээ
Үл таних хүнтэй болзсон юм шиг таарсаар
Өргөн гудамжинд нэг л мэдэхнээ
Өөрөө ч мэдэлгүй дасал болжээ
Хажуугаар зөрдөг царай одоо
Халуун элэгсэг найзууд болжээ
Дэрхийн нисдэг болжморууд
Дэндүү дотно аялгуу болжээ
Танил энэ жимээр сажлахдаа
Танихгүй өөртэйгөө улам дотносож
Өнцөг бараадсан өнчин сандал дээр
Өдөржин саатаж шүлэг тэрлэмээр
Э.ҮРЖИНХАНД
2024.06.19
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2024-07-01 11:30:47 )
|
||