BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Өгүүллэг 		 Өгүүллэг: Маяа
Оруулсан Bataka Огноо: 2025-12-10 15:14:55 (3565 уншсан)

 Маяа охин галуун цувааг даган үүлэн дээгүүр нисэх бөгөөд доош харвал дүү нь гараа даллан түүнийг гүйцэхийг хичээн гүйх нь харагдана. Гэнэт өөрөөс нь том хөлс даасан хүйтэн гар бугуйнаас нь татан авахтай зэрэгцэн зүүднээсээ сэрэхэд эцэг Мейр нь түүнийг энгэртээ тэврэн шатаар яаран буух бөгөөд охин өөрөө бамбаруушаа тас тэвэрчээ.

Угтаа бол ээж нь түүнийг үнсэж сэрээх юм уу, аав нь түүнийг өхөөрдөх дуугаар өглөө болгон эхэлдэг ч энэ удаад тийм зүйл байсангүйд охин гайхна. Маяа ааваа гэж хэдэнтээ дуудсан ч эцэг нь сонссонгүй. Уг нь үүнээс ч сулахан дуудахад тэр сонсдог юм. Эцэг нь ийш тийш ямар нэг зүйл хайж сандран гүйхдээ охиныг улам чангаар тэврэх нь Маяад хэцүү санагдан энэ удаад ээжийгээ дуудав. Мөн л хэн ч түүнийг сонссонгүй.


Охин зүүдлээд байгаа юм болов уу гэж бодох ч хэтэрхий үнэмшилтэй тул зүүд бишийг мэдэж юу болоод байгааг ойлгохыг хичээнэ. Гэр доторхи зүйлс бүгд замбараагүй болсон байх бөгөөд цонх хагарч, хагархай цонхоор ээжийх нь дуу сонсогдох ч юу хэлж байгаа нь мэдэгдхээргүй сул аж. Энэ үед эцэг нь хайж байсан зүйлээ олсон бололтой нэг зүйл шүүрэн аваад түүнийг тэвэрсээр гэрээс яаран гарав. Ээж нь тэднийг хүлээн зогсох бөгөөд түүний адилаар дүүг нь ч мөн тэвэрчээ.

Өглөө бүр Маяаг угтдаг ээжийх нь дөлгөөн царай өнөөдөр нэг л өөр байлаа. Охин ээжийгээ харсандаа баярлан түүнрүү хоёр гараа дэлгэн тэмүүлсэн ч ээж нь түүнийг авсангүй. Эцэг нь түүнийг, ээж нь дүүгий нь тэвэрсэн чигтээ нэгэн тийш яаран гүйлдэв. Маяа бяцхан дүүрүүгээ харвал дүү нь ч мөн түүнтэй адил юу болоод байгааг ойлгож ядах шиг нүдээ бүлтийлгэн ийш тийш харна. Тосгоны бусад хүмүүс ч тэдний адил нэгэн зүгт сандралдан гүйлдэх нь харагдав. Маяа сая л тэднийг анзаарлаа.

Мейрынхэн ийн явсаар олон хүнтэй урт цуваанд шахцалдан газар доор байрлах том байрлуу оров. Дотогш ороход чийг даасан бүлээн агаартай дээр тэнд цугласан олон хүний үнэр холилдон үнэртэх нь таатай үнэр яав ч биш байлаа. Байранд тог цахилгаан байхгүйн дээр цонх ч алга. Өрөөний буланд асаасан хоёр гурван дэнлүүний ачаар л түүнийг тойрон зогсох зүйлс хүмүүс гэдгийг ялгаж салгана.

Тэрхүү хүмүүс дор бүр амандаа тарни ном унших нь зөгийн үүрэнд орсон мэт санагдан охин айж эхлэв. Энэ удаад эцэг нь түүнийг гэхээс илүү охин өөрөө эцгийгээ чанга тэвэрчээ. Олны дундуур зүсэн явахдаа Маяа ээж дүү нь хамт яваа үгүйг байнга шалгана. Тэд ч үргэлж араас нь даган явна. Ингэж явсаар суух газар олоод тухлан сууцгааж сая нэг аав, ээж 2 нь охидуудыг аргадан энхрийлэв.

Тэд Маяад ”Миний охин одооноос хариуцлагатай том эгч байх ёстой. Аав, ээж 2 нь үргэлж хажууд нь байна. Хэрэв бид 2 эзгүй байвал дүүгээсээ хараагаа бүү салгаарай. Үргэлж хамт байна шүү” гэж захижээ. Маяа ч энэ үгэнд урамшин өөрийгөө том болсноор бодохтой зэрэгцэн дүүгээ харж хамгаалах ахадсан үүрэг хүлээн авав.

Өдөр хоног өнгөрөх тусам тэдний идэх хоол багасч хүмүүсийн залбирах дуу улам чанга сонсогдоно. Гадаа гарч цэнхэр тэнгэр, шаргал нарыг олж хармаар байв ч болохгүй гэдэг ганц үгээр түүний хүсэл хязгаарлагдана.

Гэнэт хүмүүсийн сандралдан хашгичих чимээнээр Маяа охин сэрлээ. Аав, ээж нь охидыг тэврэн байрны буланд очин зогсвол тэнд байсан хүмүүс ч мөн тэдний хажуугаар шахалдан орж зогсох нь үүрээндээ шигдэн хулчийх туулайн бүжид мэт аж. Байрны үүд нээгдэн төмөр дуулгатай, ноход хөтөлсөн хүмүүс орж ирэв. Тэд буланд овоорсон хүмүүсрүү хандан чанга дуугаар хашхичин нэг зүйл тушаана. Гэвч Маяа түүний юу гэж хэлээд байгааг ойлгосонгүй. Маяа зургаан жил амьдрахдаа ийм сонин үг ашиглан ярьж буй хүнийг анх удаагаа сонслоо. Бусад хүмүүс ч ойлгоогүй бололтой нэг ч үйлдэл илүү хийсэнгүй.

Ууртай хүн тушаалыг нь биелүүлээгүйд уурласан бололтой хамт яваа хүмүүсдээ нэг зүйл хэлэхэд цаадуул нь байранд байсан хүмүүсийг зодож занчсаар цуваанд оруулан гадагш гаргав. Гадаа харанхуй нөмөрч, хүйтэн салхи үлээх нь дасал болсон байрнаас нь тухгүй санагдах тул охин буцаад ормоор санагдлаа. Гэвч энэ санаа нь бүтэхгүй гэдгийг тэр сайн мэдэж байв.

Бүгд ижил хувцас өмсөн жигдэрсэн хүмүүс тэднийг хүрээлэн хэдэн хэсэгт ялгана. Ээж нь 2 охиноо дагуулан нэг талд очин зогссон бол эцэг нь эсрэг талд нь хуваарилагджээ. Тосгоны бусад эрчүүд мөн түүнтэй хамт зогсоно. Ээж нь охидын гараас чангаар атган чимээгүйхэн уйлж байх нь Маяад анзаарагдах бөгөөд аав нь нөгөө талаас тэдэнд ямар их хайртайгаа хэлсээр цааш туугдан явав. Охид аавыгаа ажилдаа явж байна гэж бодов.

Энэ цагаас хойш амьдрал улам хүнд хэцүү болов. Түүний голоод иддэггүй байсан талхны зах одоо ээж, дүү тэр гурвын хүсэмжит хүнс нь болж, хатаж удхаараа ийм гоё амттай болдог юм байх даа гэж Маяа бодно. Ээж нь үргэлж цатгалан байх бөгөөд ирсэн жаахан хоолыг үргэлж дүү тэр хоёрт тэнцүү хуваан өгөөд өөрөө тэднийг харж инээмсэглэхэд охид мөн даган инээнэ. Тэд ингэж л бие биенийгээ баясгана. Аав нь ажлаасаа ирэхгүй удаж байгаад Маяа гайхан ээжээсээ асуудаг байсан ч сүүлдээ асуухаа больжээ.

Маяад одоо өлсөх нь тийм ч хэцүү байхаа болиод байсан ч, ээж нь хэн нэгэн ууртай хүнд чирүүлэн явсан хойно дүүтэйгээ хоёулахнаа үлдэх нь хэцүү санагддаг болжээ. Гэсэн ч ээж нь заавал эргэж ирдэг байлаа. Тэд ээждээ наалдан суугаад өнгөрсөн гэгээлэг бүхнийг ярин суух нь хамгийн сайхан мөч нь байв. Шинэ өдөр эхлэх бүрт бяцхан бүү нь улам бяцхаран яс нь арьсаа цоолоод гараад ирэх гэж байгаа юм шиг эгчид нь санагдах болоод, дүү нь гуравтай гэхэд дөнгөж төрсөн хүүхэд мэт хөнгөн болжээ.

Ингээд бас нэгэн өдөр эхлэхэд дүү нь сэрсэнгүй. Ээж нь дүүг нь энгэртээ наагаад бүүвэйн дуу аяархан дуулна. Энэ дууг Маяа ч мөн сонсож өсчээ. Дүү их ядарчээ гэж бодохдоо юу хийгээд ингэж их ядардаг байна гэж бас гайхна. Гэсэн ч дүү нь унтаад л байв. Танихгүй хүмүүс ирж дүүг нь авж явах хүртэл дүү нь сэрсэнгүй. Сэрээд өөрийг нь хайна гэж бодохдоо дүүгээ өгж явуулмааргүй байсан ч хорьж дийлсэнгүй. Түүнд ээж нь, ээжид нь Маяа л үлджээ.

Тэдний байгаа газарт анхандаа олон хүн байсан ч одоо бол цөөхүүлээ санагдана. Танихгүй хүмүүс тэднийг будаа шигших мэт хэсэг хэсгээр чирэхийг нь чирж, зодохыг нь зодож цуваанд оруулаад тууж явдаг байв. Явсан хүмүүс ирэхгүй. Явахдаа харин уйлж хашхиран түүний одоо байгаа газарт хоргодон зүтгэдэг байсанд Маяа тэднийг яагаад ийм муухай газарт тэгтлээ үлдэх гээд байгааг ойлгодоггүй байв. Харин одоо тэдний ээлж иржээ.

Ээжийгээ хөтөлсөөр олны дунд орон нөгөө муухай газраасаа гарав. Эргэн тойронд олон хүн байгаад, тэдний дээр үүлс нүүж, үүлсийн дээр тэнгэр цэлмэж, бүр дээрээс нь бүлээн шаргал нар Маяагийн зулайг төөнөнө. Маяа баярлан удахгүй аав, дүү хоёртойгоо уулзах юм шиг санагдаад эхлэв.

Ээж нь охиноо өргөн авч энгэртээ тэврээд духан дээр нь үнсэнэ. Ойрд ингэж ээждээ эрхлээгүй Маяад энэ бүхэн тун таатай санагдаад ээжийнхээ хүзүүгээр тэврээд удахгүй уулзах аавыгаа ч мөн ингэж тэвэрнэ гэж бодов.

Удалгүй тэднийг дахин нэг модон байшинруу шахан оруулах бөгөөд энд тэндгүй хүмүүс хашхиралдана. Шатахууны хурц үнэр үнэртэж хамар цоргих ч Маяад энэ бүхэн сонин биш ажээ. Ээжийнхээ энгэрт тэврүүлэн байхдаа тэрээр өөр ямар ч зүйлд санаа зовохоо больдог билээ. Ээж нь түүнд бүүвэйн буу дуулж өгөхдөө энэ удаа дүүд нь дуулснаасаа илүү чангаар дуулж өгөв. Гадаа хүйтэн ч байшин дотор дулаан болж Маяа охин ээжийнхээ энгэрт наалдан гүн гэгч нь нойрсов.

1942 он. Нацистуудын барьсан Аушвицын хорих лагерт ахин нэг өдөр үргэлжилж Еврей, Польши хоригдлуудын тарчлах чимээ амьдаараа үхэж буй мэт гачлантай сонсогдоно. Үнэхээр ч тэд амьдаараа шатаж байлаа... 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Өгүүллэг | Шинэчилсэн огноо: 2025-12-10 15:14:55 )
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл