Шүлэг: Ч.Бэлгүтэй : Бөөгийн тавилан Оруулсан Bataka Огноо: 2026-01-26 17:19:02 (2995 уншсан)
Бөө хүн мөнгө авах нь
Бүдүүлэг ёс гэж ээж минь хэллээ
Бүтэхээ болисон бүх ажлыг
Бүтээх шидтэй бай гэж найз минь захилаа
Заавал бөөлөх албатай юмуу гэж
Зарим нь бас асуух л юм
Чадахгүй бол боль гэж
Зарим нь бас хэлэх л юм
Онго тэнгэр гэгчтэй нь
Өөрөө очиж уулзаагүй
Олбог дээр суухыг хүссэндээ
Огтхон ч би бөөлөөгүй
Хувь тавилангаа би
Ингэж өөрчлөхийг хүсээгүй
Хөх тэнгэр намайг
Ийм байлгахыг хүсжээ
Өөрийнхөө төлөө бөөлөхийг
Огтхонч би бодоогүй
Өргөл барьцанд шунахыг
Өчигдөрч өнөөдөрч хүсээгүй
Онго тэнгэр залж
Оюун бодолдоо амьдарч
Харанхуй ертөнцөөр бэдэрч
Хаачихаа мэдэхгүй бүдэрч
Онол байхгүй хичээлийн
Төгсгөл байхгүй даваа
Одоо даанч миний
Заяа тавилан болжээ
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-01-26 17:19:02 )
|
||