Шүлэг: Тогоочийн Болдбаатар : ӨВЛИЙН ӨГЛӨӨ Оруулсан Bataka Огноо: 2026-01-26 20:10:10 (3003 уншсан)
Хөвчийн гүнд нам жим ноёлоно
Хөвсгөр цасан хөнжилдөө тухлана
Харалдаа уулсын цаанаас наран ургахад
Хавь орчин сэрж амь орно
Өвөлжөөндөө тухалсан үхэр мал сэргэж
Өвлийн өглөөтэй нүд гялбан золгоно
Өглөөний цэнгэг агаар улам цэвэршиж
Өнгөлөг нэгэн өдөр мэндлэн ирлээ
Өвс ногоо ханаран байдаг хөндий
Өвч цасанд дарагдан битүү цавцайна
Өнтэй өвлийн цуурай жингэнэх өглөө
Өөрийн эрхгүй сэтгэл сэргээнэ
Жавар татарч сар шинэ айсуй
Жаалхан ээвэр хавар инээмсэглэн айсуй
Жалга судгийн хөвөө мөд харалсаар
Жаахан цэнхэр яргуй цасан дороос өндийнэ.
Т.Б/Тогоочийн Болдбаатар/
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-01-26 20:10:10 )
|
||