Шүлэг: До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ Оруулсан Bataka Огноо: 2026-04-08 12:13:59 (3798 уншсан)
Яруу найрагч До.Болдхуяг
"Монгол бичиг"
"Болор цом 43" 2025 наадмын гутгаар байрын шагналт шүлэг
Судсаар нь хааны цус гүйсэн
Суут монгол бичиг мину
Мөрөөр нь үнэний нар гийсэн Мөнх тэнгэрийн таалал мину
Есүнгэ мэргэний цэцийг гэрэлт хөшөөнөө мөнхөлж
Есөн өрлөгтэй өнчин хөвгүүний шастирыг цэцэлсэн
Ертөнцийн хаад хас эрдэнийн тамгаа сийлүүлж
Есүхэйн хүү Тэмүгэ Нууц товчооноо сийрүүлсэн
Гэрэлт нарны дор аугаа хүчин нэмэгдэхэд
Гэрэгэ өвөрлөсөн элчтэй холхи замыг эвхсэн
Шихихутаг заргач их цаазаа дэвтэрлэж
Сэцэн Хубилай Цагаан түүхээ тэрлэсэн
Эзэн хааны зарлиг шиг эгц шулуун нуруутай
Эрхэс тэнгэрийн сувд Цолмон од шиг дусалтай
Эхнэр хүний намба шингэсэн анхил хар гэзэгтэй
Энхрий хүүхдийн согсоо шиг уян зөөлөн эвэртэй
Баян чинсан хөхөлбөр уулсыг илдээрээ хага зурж
Бандид Чойжи-Одсэр Зүрхэн толтоо булгилуулсан
Гоо Филипп, Ромын папад Ил хаад зарлигаа хүргүүлж
Гунгаа-Одсэр тэргүүтэн хөлгөн Ганжуурыг хөрвүүлсэн
Цармын хярд зогссон тэхийн эвэр шиг титэмтэй
Цавчим өндөр хясааны ташсан сүүдэр шиг шилбэтэй
Цанхтай ардгийг тогтоосон чөдрийн алга шиг нумтай
Цаст уулын савдаг цагаан барсын соёотой
Алтан товчоо Лувсанданзан нойр хугаслан шигтгэж
Алтан ордны үйсэн дээр эхийн сэтгэлээр шимширсэн
Жанжаа хутагт Мэргэд гарахын орондоо заларч
Жамбадорж бичээч Болор толио цайрдсан
Хиад боржигины сүлд цагаан шонхрын хумстай
Хаад дээдсийн сүр онгин тамга шиг зартигтай
Халиун бугын эврээр матсан нум шиг орхицтой
Хангай говийн эзэн гэндүү ирвэсийн сүүлтэй
Саган сэцэн хунтайж Эрдэнийн товчоо барлаж
Шамба эрх дайчин Асрагч нэртээ баринтагласан
Түмэдийн Алтан ханы цадиг туужийг дурайлгаж
Түмэнхэн цогт хунтайж Дуутын хадыг дуурсгасан
Аадрын үүлнээс нүргэлсэн аянгын гялбаа шиг ацагтай
Ам цагаан хул морины алтан зуузай шиг гэдэстэй
Ашид өөдөө дүрэлзэх галын сор шиг завжтай
Алив эрдмийг дэлгэрүүлж нүд нээх увдистай
Илэрхий зөөлөн авирт Ногоон дара эхийг дуртгаж
Эрдэнэ мэргэн бандид Эсэруагийн охинд дурласан
Билиг танхай Гуларанс гурван ямхын хулсандаа шингэж
Билгүүн Дандар лхаарамба Хэлний чимгээ номлосон
Монгол дархны гагнасан цоожны өргөс шиг ацтай
Морины ташаанд дарсан дэгрээ тамга шиг ангархайтай
Мөнх бусыг огооруулсан үүрийн туяа шиг цацлагатай
Мөрөн голын урсгал шиг тохойрч сүлжсэн зурлагатай
Цагаан толгой нүдэлмэгц Оюунтүлхүүрээр нээж ордог
Жангар, Гэсэр, Хан харангуйн домог туулийн ертөнц
Номч мэргэн Инжиннаши Хөх судараа үдэж
Ноён хутагт Равжаа Цаасан шувуугаа өдлүүлсэн
Аугаа их үндэстний аль ч ястан торолгүй уншдаг
Аялгуу бүхэнд зохирсон гайхамшигт өв соёл мину
Цагийн будан, мянган оны бартаа бүхнийг туучин
Цадиг түүх, өвгөдийн ухааныг тээж ирсэн хөсөг мину
Мөрөөр нь үнэний нар гийсэн
Мөнх тэнгэрийн таалал мину
Судсаар нь хааны цус гүйсэн
Суут монгол бичиг мину.
До.Болдхуяг
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | До Болдхуяг | Шинэчилсэн огноо: 2026-04-08 12:13:59 )
|
||||