Шүлэг: Э.Үржинханд : ЗӨН СОВИНГИЙН ӨЛГИЙ Оруулсан Bataka Огноо: 2026-07-28 14:16:16 (274 уншсан)
Халдаж хөндөхийн аргагүй
Хурмастаа тольдсон байгаль минь
Чулууд нь хүртэл шивнэлдэх
Цул амьдын орчлон минь
Зүйл бүрээр ивээсэн
Зүйрлэшгүй нандин нутаг
Зүрхэнд суудалтай эх орон
Зөн совингийн өлгий
Магтан дуулавч ханамгүй
Манандаа тухалсан хангай минь
Өвс нь хүртэл үг хэлдэг
Өнө мөнхийн эгшиг минь
Зүйл бүрээр ивээсэн
Зүйрлэшгүй нандин нутаг
Зүрхэнд дэлгэрсэн орон
Зөн совингийн өлгий
Харах нүдээ салгамгүй
Харц булаам тоонот та
Салхи нь хүртэл уулсаа зорьдог
Хаадын шүншигтэй голомт минь
Зүйл бүрээр ивээсэн
Зүйрлэшгүй нандин нутаг
Зүрхэнд тод гэрэлтсэн
Зөн совингийн өлгий
Э.ҮРЖИНХАНД
2026.07.28
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2026-07-28 14:40:44 )
|
||||