Шүлэг: Б.Отгонбаян : Дутуу төрсөн сэтгэл Оруулсан Отгонбаян Огноо: 2026-09-24 15:00:18 (138 уншсан)
Дутуу төрсөн сэтгэл
Дуулаагүй дуугаа дотроо
Дуугүйхэн аялж гэнэ
Дурайх цагаан төрхийг нь
Дурсамжиндаа тээж гэнэ
Дэврэх учиргүй сэтгэл нь
Дэндүү холыг зорьж гэнэ
Дэргэд нь очоогүй атлаа
Дэлхий нь түүнээр дүүрч гэнэ
Дээгүүр нисэх хун шувуу
Дэнжийн салхинд ганхаж гэнэ
Дэргэдүүр нь өнгөрөхдөө
Дэндүү удаан харж гэнэ
Дун цагаан далавчаа
Дуугүйхэн дэлгэж нисээд
Дутуу үлдсэн сэтгэлээ
Дундын тэнгэрт нууж гэнэ
Дурлал гэдгийг мэдээгүй ч
Дотроо нэгийг хүлээж гэнэ
Дурсахын төдийд баярладаг
Дуугүй зүрхтэй болж гэнэ
Харах бүрд нь хавар болж
Харанхуй нь гэрэлтэж гэнэ
Хажууд нь байгаагүй ч гэсэн
Хаашаа ч юм дөхөж гэнэ
Хэлж зүрхлээгүй үгс нь
Хэн ч сонсолгүй үлдэж гэнэ
Хэзээ нэгэн цагт уулзах мэт
Хүлээлт нь уртсаж гэнэ
Тэгээд өнөөх хун шувуу
Тэнгэрийн хаяа руу нисэж гэнэ
Тэврэхээс өмнө холдсон нэгнийг
Тэндээ ч дотроосоо хайж гэнэ
Дурлаж үзээгүй хун шувуу
Дун цагаан нэгнийг санаж гэнэ
Дутуу төрсөн тэр сэтгэлээ
Дуугүйхэн насан туршдаа тээж гэнэ
Бямбасүрэнгийн Отгонбаян
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-10-26 09:26:21 )
|
||