Шүлэг: Эрхбаяр Баярцогт : Бодол Оруулсан Эрхбаяр Огноо: 2026-10-30 22:29:46 (277 уншсан)
Байгаль дэлхий агийн үнэрт ариусаад
Бодлын жигүүрт хайрын шүлэг зүүгднэм
Бурхан чамайг хүмүүний ертөнцөд бэлэглэхдээ
Буруу цагт миний дэргэд унагачихжээ
Аадрын дусалд хайрын дуу чимээлээд
Амьдралыг би чамтай төсөөлж алхдаг
Аригал халиун буга согоогоо харан урамдах шиг
Анир зүүдэн орчлонг би чиний харцаар аргадах юм.
Тэнгэрт мандсан нар сарны зүг үдлээд
Танхил чиний гунихралыг замбуу тив сонордном
Тэнгэрт харавсан од бүхэнд хүслээ шивнэхдээ
Тэр хүнийг хажууд минь үлдээ гэж залбирнам.
Чимэгтэйхэн инээдэнд чинь лусын ус цалгиад
Чамтай ярих мөчдөө жаргалын аянгад цохиулаад л байдаг
Чамайг харах гэж яарах, харих гэж алхах
Чив чимээгүй зам бодлын хөгөөр эгшиглээд.
Итгэлийн гэгээн үгс зүрхэнд минь
Ивээл гуйсан шаазгай болно ниснэм
Ийм л ариун хайр холдож буй мэт
Ир гэж гуйхад чинь миний зүрх зугтаачихсан байх юм.
Мөнхийн хайрын бэлгэдэл цагаан уул цэцэг
Мянга мянган жил дэлгэрээд л, дэлгэрээд л
Мөнх бас мөнх бусыг адгуулнам
Маргааш үхэж болохоор амьдралд.
Эрхгүй хайрын шийтгэлд цаазын яалтай тарчилнам
Эргэж буцах дөрвөн улиралд дурлалын хуанлы хөтлөөд
Ээлж ээлжээр төгөсдөг хүний тачир амьдралд
Эрхлэнхэн тайвшрах сэтгэлийн амар амагланг.
Гараас чинь атгаад бэлэглэхийг хүснэ.
Эрхбаяр Баярцогт
Эрхбаяр Баярцогт
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Бусад | Шинэчилсэн огноо: 2026-10-31 09:34:49 )
|
||