|
|
Вэб сайт хийнэ, байрлуулна ...
|
|
Хайх
Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...
|
Шүлэг: Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
Оруулсан admin on 2024-03-30 14:44:41 (523 уншсан)
Суврагагүй улаан толгой Сувдран гялалздаг од байсан Сураггүй алсын замд сувд шиг бяцхан ч явсан Сахил хүртэхгүй гэж тэнгэрээс буусан юм... Бурханд зэмлүүлж газарт шигдсэн юм Уулс нэгэнтээ одод байхад Учрыг нь би ажиж амжсан Урмаар дутахдаа уулсын оргилыг би зүглэдэг Бурханыг мартаж уулстай би ярилцдаг ...
Уулс өөрийн үлгэр домогт уярамтгай Нимгэн зулайтай нялх уулс, Нөмгөн үүлс хөлдөө хөглөрүүлэх өвгөн уулс ч Нилдээн цаг хугацааны нууцтай Нээрээн тэд минь бурхнаас зугатсан одод !!
Цаг хугацаа л үгүй бол, бурхны дэргэд амирласнаас Цаг зуурыг золиод биеэ элээхийг сонгодог тэд Царс модод өмнө нь өмхрөн унахыг гэрчилж Цаг улирахын учирт ухаарч суухыг хүсдэг ээ тэд
Сураг чимээгүй би ч уул байсан, Суугаа чигээрээ элэгдэж дууссан Салхи, үүл хоёр сахилын жилийг минь цагаатгасан Санаанд бүдгэрсэн энэ зүүдийг сануулж надад бурхан илгээсэн.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )
|
|
Шүлэг: Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
Оруулсан admin on 2024-03-30 14:44:21 (650 уншсан)
Хөхрөх тэнгэрээ зэллэн шувууд ирж байна Хөөр догдлолоос илүү итгэл найдвар хөвөлзөнө Хөрст дэлхий бидэн хамтдаа нэг сэргэх Хаврын улирал чамайгаа хичнээн ч удаан хүлээв дээ
Шинэ бүхнийг угтах харц шиг Шингэх анирдах хором бүрд сониучирхалд автуулж Ширхэг өвс хүртэл цаг хугацаанаас жаргал горьдоно Шинэ хавраас би ч бас ихийг хүлээнэ
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )
|
|
Шүлэг: Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
Оруулсан admin on 2024-03-30 14:43:37 (689 уншсан)
Сэрүүн хөндийд салхи сэвшиж Сэрэхэд цээжээр нэг хоосон эл хуль Талд дэвссэн өвс дэрвэнэ Танихгүй хар улаан үүлс тэртээгээс нүүнэ Хэмнэл, хэмжээс бүхний утга алдуурч Хэнд ч зориулаагүй оршуулгууд ургасаар ...
Хаана байна аа? Тэр хот тосгод? Хэнд ч хэрэггүй байсан чимээ шуугианууд? Хүмүүс нь эзгүй улаан дэлхийд Хэндээ зориулж би шүлэг бичих вэ?
Айдас хүйдэс цаг хугацааны хооронд Амин гол ямар холбоо байна гэж? Алдах юмгүй нүцгэн надаас Аймшиггүй гариг өлөн нүдлэн асуув
Амраг хайрт минь хаана байна? Аавдаа хүү минь ир? Та нар хаана байна? Гитарын тасарсан утас шиг цангинаж Гав ганцаараа талаар нэг гүйв ...
Харгис энэ зүүдний орчлонгоор Хаа сайгүй гүйгээд ч Хар сүүдрээ тусгах хүн хайгаад олсонгүй Хаана байна аа та нар? Хаашаа ингээд одов оо?
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )
|
|
Шүлэг: Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
Оруулсан admin on 2024-03-30 14:42:58 (583 уншсан)
Зөнтэй зүүд шиг сайхан нүдтэй охин Заяаны хань минь гэж итгүүлээд надад гараа атгуулсан Зовлондоо төөрсөн итгэл муутай хүүг Зол учралын баатар болгож чи нэг амилуулсан
Нэг л мэдэхэд арван таван жил улирч Нэг харахад би чиний бүх зовлонгийн үр могой болчихоод Нэвт зэвүүцсэн харцанд чинь сүлбүүлчихсэн зогссон Хайрласан итгэлийн гадна, харанхуй шөнө ганцаар тэмтэрч явсан.
Дуусаж буй бидний харилцаа Дуулж байдаг харцыг чинь шорвог нулимсаар урсгаж Дуу шүлэг үгүй, дурсамж яриа үгүй Дундарч үлдсэн дарсны лонх шиг намайг үдчихсэн байв
Буруутан нь буруугаа эрэх шиг энэ мөрүүдэд Будилсан зам минь л харагдахаас Бусдад хэрэгтэй зүйл үгүй, Буруутгамааргүй байна, би хэнийг ч
Яг л... гурван дэвтэр шүлгээ хог руу хаясан шиг Найман жил бичсэн номоо утсгасан шиг Яарч догдлон уулздаг асан чамдаа мартагдсан шиг Яагаад тийм мэдрэмж алсын тойруу зам шиг давтагдана вэ... (2019)
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )
|
|
Шүлэг: Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
Оруулсан admin on 2024-03-30 14:41:38 (513 уншсан)
Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ... Хөлөрсөн газрыг тэнийлгэж зөөлөн бороо шиг уусаад, Хэзээ ч байгаагүй мэт нам гүмхэнд оршдог Хийсэн дэрвэх өвс болж би дахин төрнө ...
Хээлэг салхинд илбүүлж гунигаа мартаж ургаад Хээнцэр цэцэгст амилж найган талимааж суугаад Хэрлэнгийн мөнгөн долгист саран тусахад анирдан хоосорч Хэн ч биш гэдгээ мэдрэн чамд шингэх л сайхаан ...
Хөхөмдөг тал, моддын оройг ширтэж үдшийг угтан зогсохдоо Хүлээгээд ирэхгүй аавыгаа санахдаа сэтгэлээ аргадаж хуурахгүй Хүлээтэй бодлын талыг ганцаар туулж ядрахгүй Хичнээн бээрийг алсад л чимээ аниргүй оршихсон ...
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )
|
|
Шүлэг: Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
Оруулсан admin on 2024-03-30 14:40:06 (617 уншсан)
Өвсний амьдрал хамгаас сайхан Өрөөлөөр чичлүүлэхгүй эрх дураараа Өнгө өнгөөр ялгарахгүй нь үнэн бөгөөд эгэл Өвс л болж төрдөг байж дээ сэтгэл минь хоёулаа... Өвс байснаа сэрэн санах шөнийн зүүд... Өөр хаанаас ч олохоос өнгөрсөн он жил... Өр зүрх сэр сэр салхи, үүл, бороо... элс айсуй Өөр би хэн байлаа даа, өвс л шүү дээ, чи
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )
|
|
Шүлэг: Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
Оруулсан admin on 2024-03-30 14:38:23 (679 уншсан)
Эх нутаг, эх нутаг... Суварган өрлөгт салхины эх Сувдан нулимст тэнгэрийн эн Энгэрт эгших уярлын заагаар Эзнээ уусгах сэтгэлийн хязгаар Эргэж төрөхийн утгат зай Ихэрлэж хөглөгдөх уянгат ай ... Өнө мөнхийн шүүдэр хурах утгын хязгаарт Өвгөд эгэлгүй ухаанаа үлдээсэн Өр сэтгэлийн гүнд хэлж амжаагүй үгсийн гүйцээлт, Өнгөрсөн бүхэн өнгөрсөн бишийн учир нуугдсан... Эх нутаг эцэг дээдсийн минь түүхээр угаагдсан Эхлэлийн тухай үнэн зам ... Эх нутгийн минь тэнгэр сувдан сондор гоёлтой Эгэлээс эгэлхэн газар шороо нь аавын минь мөртэй Эх нутаг ээжийн минь үнэртэй адил Ээлж халаагүй ганцхан заяах тавилантай Эх нутаг минь ээжийн сүүн цацлаар угаагдсан Ирэх буцахын урсгал цадиг ... Эх нутгийн минь салхи санагалзахын аялгуутай Ээрүүл шиг хорвоогийн үнэний сэвшээтэй Энгэрээс минь эргэж, зүрхэнд хоргодуулах Ээнэгшин учрахын бүлээн нулимстай Ээрүүл шиг эргэх хувь заяаны эх минь...
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )
|
|
Шүлэг: Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
Оруулсан admin on 2024-03-30 14:37:32 (631 уншсан)
Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны Харанхуйн чимээгүй дэвэлтээс шаргалхан дарс сэнгэнэж, Дэвтэр тархины хооронд суудал сэлгэх тэр жигүүртэн Дэргэд байгаа мэт зүрх сэвэн цээж рүү шунгана Шөнийн ганцаардал минь Шөнийн эрх чөлөө минь
Хэрсүүхэн тэр жигүүртний нүдээр би харанхуйг нээж Хэний ч мэдрээгүй сэнгэнэсэн бодлыг залгилж Жавартай хүйтэн салхиар зүрхээ сэрүүцүүлж Жижигхэн энэ амьдрал хоосон лонх гэдгийг мэдэрдэг...
Шөнийн ганцаардал минь Шөнийн эрх чөлөө минь
2018 ба 2022/1/11
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )
|
|
Шүлэг: Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
Оруулсан admin on 2024-03-30 14:35:20 (484 уншсан)
Ээ... уйлагнуур тэнгэрийн дор – үрчгэрхэн харь хот минь Эл хульхан, уйтгар өртөөлөх атираат шорвог гудамжууд, Эр хүний ганцаардал, уушийн газар, жиндүүхэн өдрүүд Эрснээ олсон, уншсан, уусан, хашхирсаан... элгэнд чинь
Уйлагнуур тэнгэрийн дор сааралхан харийн хот Үе үе үгүйлэгдэх, харийн бүүдгэр гудамж минь
Уйтгарлавал гэгээг нь олж үздэг бяцхан саарал хот минь, Ундаассан ганцаардлаа норсон хувцастайгаа өлгөөд орхисон харийн хот Бодолд сорви үлдээмээр шарласан навчны цоргисон үнэр ... Бодлыг минь зогсоолгүй өлгийдсөн цэцэрлэг минь
Уйлагнуур тэнгэрийн дор сааралхан харийн хот Үе үе үгүйлэгдэх, бүүдгэрхэн гудамж минь
Рояаль Майль, Никольсоны гудамж, Жоржийн талбай, хуучин коллеж... Эрчлээт чулуун замууд чийг даана, эрт урьдын түүхээ хүлхсээр. Эрхэмсэг сүйх тэрэгний чимээ нь үгүй, Эзэн нь цайзандаа эргэж ирээгүй... Эзнээ нохой нь хэзээ ч орхиогүй... сэтгэл минь цааш нь нэхнэ... Эгнэгт сэтгэлдээ тээдэг ч орхигдсон хот минь...
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )
|
|
Шүлэг: Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
Оруулсан admin on 2024-03-30 14:33:30 (530 уншсан)
(Abel Korzeniowski – ‘Table for two’ аянд зориулав) Бороотой замыг туулчихаад
орхисон гутал шиг, Бодлын хөндүүрт түгжээд
үлдээсэн гэмшил минь Хуучин хайр чи... Зэврүүн өдрүүдийн
дээгүүр хөглөрөх үүлс, Зарын самбарын
салбархай цаас хоёр шиг Хамааралгүй болсон оршихуйд ... Хүйтэн өдөр зөрөлдөх хүмүүсийн
яаруу алхаанд Хөглөрөн хийсэх навч
шиг Улиран үлдэх хагацал минь... Замын унаанд амжих
гэж сандруу гүйхэд Заавал тойруулж ядуулах
тогтоол ус шиг Зугатааж яваа дурсамж минь... Амьдралын замаасаа
намайг хэдэнтээ түлхсэн хойно чинь ч, Аз жаргалыг бусадтай
эдлэхдээ би сэмрэх Ард үлдсэн харанхуй минь ... Хосын ширээнд ганцаар
үдлээд босохдоо Хоосон сандлын
түшлэгт баяртай гэж шивнэх Хөндүүр айдас минь ... Хэтэрхий гэгээтэй
инээмсэглэлээ л мартаагүй байгаасай Хэн нэгнээр дэндүү их
хайрлуулж байгаасай, заавал ... Алдаж дуусдаггүй чи минь ...
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )
|
|
Шүлэг: Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Оруулсан admin on 2024-03-30 14:31:26 (772 уншсан)
Сэтгэлээр зэргэлээтэх нүүдлийн цуваанд дайгдсан Сэвшээ салхи, сэмхэн гуниг надаар өртөөлнө Сэлэнгэ мөрний урсгал шиг алсын харгуйг зүглэх Сэрүүн зүүдний хязгаарт аавтай минь уулзуулах замын тухай
Өрөөлд биш өөртөө би заримдаа зам хайдаг Өмнө минь дурайх замаас би шалтгаан эрдэг ч Өөрийг минь таллах хувь заяаны алтанхан заадалтай Өнө хожид, алс ирээдүйг зүглэх энэ замын тухай эргэцүүлж нэг тунгаахын учир...
Өртөө дамнах нутгийн салаа замууд Өөрөө туулсан өнөө л бор замууд Зөгнөж таагаагүй замууд Зөнгөөрөө үдлэх харууслын дунд тоостой замууд
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )
|
|
Шүлэг: Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Оруулсан admin on 2024-03-04 14:30:40 (824 уншсан)
Үнэндээ сурвалжлагч ажилчин хоёр дотно байдаг нь Үзтэл тодорхой байхыг хэн эс андах вэ? Социалист уралдааны явцад шинээр юу гарав гээд л Сонин сурвалжлагч үйлдвэр рүү хүрээд ирлээ Орох зөвшөөрөл авч мэнд мэдчихээд сурвалжлагч -Оройлж ямар ажилчин уралдаанд шалгарч байгааг Онцолж юун дээр шинэ санаачлага гарч байгааг Орхилгүй ярина уу?гэж үйлдвэрийн даргаас хүслээ Олон ажилчдаа арван хуруу шигээ сайн мэддэг Оргилоод гарсан шинэ санаачлагыг дэмжиж байдаг Олон ч жил үйлдвэрийг удирдсан хижээл хар хүн Улирал сарынхаа дүнг дэлгээд ингэж хариуллаа -Өнгөрсөн сард үйлдвэрийн төлөвлөгөө 200% биелсэн Өрнөж гарсан шинэ санаачлага маань нийтэд дэлгэрсэн Уралдааныхаа тугийг хэнд ч бид алдахгүй гэлээ Уралдаж одоо стахановч туршлагааар ажиллаж байна гэлээ Уудам сайхан монгол орны минь хязгаар бүрд Улсын аж ахуй уурхай үйлдвэрүүд байгуулагдаж байна. Улиг болсон ажлын хуучин нормыг шинэ хүмүүс эвдэж Улс орныхоо төлөө хүчээ нэгтгэн хөдөлмөрлөж байна Сурвалжлагч хүний ажил явах бичих л болсон хойно Сурвалжлагч маань Чоногол Бүрэнцогт руу очлоо Уурхайчдын өрөм газрын гүнд зэрэг уралдаж Өнгөт металл хар алтыг вагаон вагоноор гарагж байна -Уурхайд ороход биднийг уурхайчны дэн минь гийгүүлдэг юм Уралдаж ажиллахад биднийг намын уриа зоригжуулдаг юм гэж Эвлэлийн бригадын дарга залуухан эр бахдан ярилаа Эндээс яваад сурвалжлагч улсын аж ахуй руу очлоо Уудам саруул талд өнгөрсөн жил байгуулсан Улсын аж ахуйн дараг түүнийг хүлээж аваад -За Сурвалжлагч чухам ямар ажилтай танилцах вэ? Залуучуудын бригад уу?бүх аж ахуйгаар нь уу? Аж ахуй маань ч өдрөөс өдөрт л өргөжиж байна Ардын засагч хайр ивээлээ харамгүй өгч байна Мал өсгөх ажилдаа бид Зөвлөлтийн туршлагыг хэрэглэсэн Манай аж ахуй шинэ үүлдэрийн малтай болно Тэгэхээр та бас л үүгээр зочилж ирээрэй гэж Талын монгол хүний зочломтгой зангаар үдлээ Буцах замдаа сурвалжлагч ардын нэгдлээр орлоо Буурал өвгөн нэгдэлийн дараг ингэж хэллээ -Өнгөрсөн үеийн зовлонд үс минь буурал суусан ч Өнөөгийн засгийн халамжинд амьдрал маань залуужиж байна Өвгөдийн үеэс нутагшсан бидний эх оронд Өнөр сайхан социализмын нарлаг үүр цайж байна
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Явуухулан Б )
|
|
Шүлэг: Г.Мөнхтулга : ХАЙР
Оруулсан admin on 2024-01-25 17:33:21 (1100 уншсан)
Хайр гэдэг ямар гоё үнэртэй юм бэ
Яг л сүрчиг шиг
Халамж үнэртээд түүнгүй бол амьсгалж чадахгүйнэ
Хайр гэдэг ямар гоё амттай юм бэ
Яг л чихэр шиг
Хүсэл чангаагаад амсахгүй л бол унтаж чадахгүйнэ
Хайр гэдэг ямар гоё өнгөтэй юм бэ
Яг л солонго шиг
Хараа булаам гоо төрх нь харанхуйд ч тодрох юм
Хайр гэдэг ямар тансаг галбиртай юм бэ
Яг л бүсгүй хүн шиг
Хонгор ялдам төрхийг нь өөрөөсөө ч харамлах юм
Хайр гэдэг ямар сайхан эгшиглэн юм бэ
Яг л жаргалын анир шиг
Хамгийн нандин үгс, энхрий аялгуугаар ертөнцийг дүүргэх юм
Хайр гэдэг ямар эгэлгүй нууцлаг мэдрэмж юм бэ
Яг л далдын хүч шиг
Хүсэл, биеийг минь эзэмдчихээд минийх гэх шиг удирдах юм
Хайр гэдэг хэзээ ирээд, хэзээ буцдаг зочин юм бэ
Харахаас эхлээд хүрэх хүртэл ямар их хүсэн догдлуулна вэ
Хайр гэдэг хэзээ төөнөж, хэзээ жиндүүлдэг улирал юм бэ
Халуун зунаар даарч, хүйтэн өвөл халууцаад яасан жигтэй оршино вэ
Үгс дутаж, үйлдэл багаддаг үхэл шиг энэ мэдрэмжийг
Өөр гарагийн хүмүүс мэдэрч чаддаг боловуу
Өрцний гүн дэх сэтгэл гэгч биегүй энэ эрхтэнг
Өнөөх гайхалтай мэдрэмж
дараа төрөлд нь дахин олдог боловуу
Хайр гэдэг ямар агуу юм бэ
Яг л шинээр амьдрах шиг… 07.12.2023 Tulga.poetry Tulga.poetry
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхтулга Г )
|
|
Шүлэг: Г.Мөнхтулга : ТҮҮНД
Оруулсан admin on 2024-01-25 17:32:20 (967 уншсан)
Би удахгүй явчих болохоор
Битгий надад дурлаарай гэв үү
Бишгүйдээ бид дотноссон байхад
Битгий улам дасаарай гэв үү
Чи удахгүй уйдчих болохоор
Намайг битгий хайрлаарай гэв үү
Чихэр шиг хайранд нь донтчихоод байхад
Намайг битгий өвтгөөрэй гэв үү
Яалаа гэж хүсэхэв дээ салах тухай
Ялгаагүй би ч дурлачихаад байна
Явмаар байвал чи л яв
Ялалтыг чинь зөвшөөрч нулимсаараа шагная
Явах замд чинь харин хөндөлсөж
Үлдээч гэж гуйлгүйгээр
Янаг үгс, халуухан тэврэлт
Үнсэлтээр ч гэсэн аргацаахгүй байя
Явмаар байвал чи л яв
Яг эндээ би үлдмээр байна
Яагаад чамайг мартана гэж
Ялгаагүй би ч дурлачихаад байна!
27.12.23 tulga.poetry Tulga.poetry
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхтулга Г )
|
|
Шүлэг: Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
Оруулсан admin on 2023-12-21 14:29:35 (1243 уншсан)
Зураачийн харц, бийрний үзүүр хоёрт Зураг бүхэлдээ найр дэвсэж үзэгдэнэ Бодол, мэдрэмж хоёрын огтлолцолд Буйдхан энэ л гудамж яруусч өнгө нь тодосно Бүтээлчийн догдлол нуугдсан торгон мөчид Зургандаа сүүлчийн цэгийг яаруухан хатгана Зун байсан газарт намар гэнэт ирэх шиг Зуурдхан ирээд буцсан дурлал зүрхийг гижигдэнэ
Хотын бүрэнхий шөнөөр Холхиж алхсан хүмүүс зөрнө Холын бүдэгхэн хүсэл Хойтон биелэх юм шиг бодогдоно Хойтон биелэх тэр хүсэл Зураачийн бүтээл хоёр Хонгорхон нэгэн бүсгүйг Цээжинд минь татлан зураглана
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхтулга Г )
|
|
Шүлэг: Г.Мөнхтулга : ЧАМД
Оруулсан admin on 2023-12-21 14:27:26 (1143 уншсан)
Нуурын мандалд хунгийн далавч шүргэнэ Нуугдсан сэтгэл чиний чиглэлд урсана Нугын бэлчирт сараана цэцэг соёолно Нуман зүрх минь чиний л зүгт цохилно Ирж яваа зуны халуун наран бүгчимдүүлнэ Ирж яваа чиний бүлээн зүрх бачимдуулна Инээх чинь, ярих чинь, дуулах чинь улам намайг дурлуулна Эрхлэх чинь, туних чинь, гомдох чинь улам хайлуулна хонгорхон минь ээ…
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхтулга Г )
|
|
Өгүүллэг: Долгорын Цэнджав : ТАМГА
Оруулсан admin on 2023-12-12 12:39:03 (1782 уншсан)
"Утгын чимэг-2023 он" богино өгүүллэгийн наадамд түрүүлсэн өгүүллэг
“Хар гарт” хэмээх дархан Лувсангомбо Да ламтаны өргөөнөөс савж унах шахан гарчээ. “Ээ сахиус минь...цөс цалгиах шахлаа. “Ойчсон эрхиэ ч авах сөхөөгүй төрийн алба шатаж байхад өгөр чи хар усанд толгойгоо мэдүүлж, монгол төрийн эрдэнийн тамгыг хугацаа алдаж залхаасны зэрэгцээ ховор нандин хашийг зэрэмдэглэсэн чамд цаазын ял онооно. Өвгөд дээдэс сэлэм удааж чилээсэн дарханыг илднийх нь үзүүрт өлгөчихдөг байсныг мэдэх үү? Ташаандаа тамгагүй чөдрийн ганц морь ч үгүй атал, гартаа тамгагүй эзэн хаан одоо яах болж байна. Захын чавганцын цоорхой шанага нөхөж суугаа айлын тогоо өнгийсөн хоноц уу? чи. Билүүнийхээ баасыг чи өөрөө долоогоорой” гэсэн хахирган үгс дарханы зүрхийг амаар гаргах шахжээ. Айж балмагдсан дарханы нүдэнд Богдын ногоон ордон газраас тасраад үүл манан дунд хөвөх шиг бүртэлзжээ.“Хорвоо хэлтийж, чөтгөрт чөдөрлөгдлөө” гэж бодоход, зүрх нь дэлсэж, хөл нь туйвж байлаа.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Өгүүллэг )
|
|
Шүлэг: Г.Мөнхтулга : Зүүд
Оруулсан admin on 2023-12-05 10:34:21 (1390 уншсан)
Үнэнээ л хэлье… Уржигдар чамайг зүүдэлсэн Урд шөнө яасан гэж үү Урд шөнө өөрийгөө зүүдэлсэн Урд шөнийн тэр зүүд Дахиад л сайхан байсан Учир нь юу вэ гэж үү Уруулыг минь чи үнсэж байсан.
Зүүд гэдгийг мэдэж байсан ч Зүүдлээд л байх нь сайхан байсан Зүггүй чи надаар тоглоод Зүүдний төгөлд хөөцөлдөж байсан Намайг чамд хүрэхэд Инээсэн царай чинь Ичингүйрэл болон хувирсан Ичингүйрсэн хэвээрээ, нүдээ чи тас аньчихсан.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхтулга Г )
|
|
Шүлэг: Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
Оруулсан admin on 2023-12-05 10:33:25 (1294 уншсан)
Хугархай хөлтэй ширээн дээр Ганхаж буй ваартай цэцэг Хугарсан хөл нь хүн чанар Ганхах цэцэг нь мөн чанар Хүн чанаргүй хүмүүсийн дунд Мөн чанарыг бодох хэцүү Мөнгө олж, ажил хийлгүй Хүний дайтай явах хэцүү
Нийтээрээ эсэн мэнд юм шиг Нийтээрээ эрүүл бус Нийгмээрээ цатгалан юм шиг Нийгмээрээ ядуу дорой Мэдлэгтэй мэт хашгирсан Мэдлэггүй хүний сүгнүүд Мэдлэггүй мэт үзэгдсэн Мэдлэгтэй хүний адагууд
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхтулга Г )
|
|
Шүлэг: Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
Оруулсан admin on 2023-12-05 10:32:11 (1095 уншсан)
Чамаас ирсэн чат бүрийг Дахин дахин унших юмсан Тэгээд, үг бүрт нь Тохирсон эможи дарах юмсан Хамгийн нандин үгэнд чинь Хаха дарах юмсан Тэгээд, гомдоочихоод сандарч Араас нь уучлал гуйх юмсан Тэр гомдол чинь чамайг Улам эгдүүтэй болгоосой Тэгвэл би уучлал гуйгаад Мянган үг бичих юмсан Холын холоос зориод Чамтай уулзах юмсан Тэгээд, хөлөн дээр чинь Толгой тавиад хэвтэх юмсан Хамгийн хутга асуултанд чинь Хариулж чадалгүй унах юмсан Тэгээд, ичсэндээ улайгаад Нүдээ тас аньчих юмсан Тэр асуулт чинь намайг хөтлөөд Унтлагын өрөөнд хүргээсэй Тэгвэл би чамайг хөтлөөд Гэрлийн унтраалга дарах юмсан
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхтулга Г )
|
|
|
|
 |
Санал асуулга |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 93 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|